Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 857

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00852/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадасын 6 дугаар гудамж, 55 тоотод оршин суух, Гурван шарынхан овогт Цэрэннадмидын Наранхүү /РД: ВР79042809, утас 95733868/-гийн хүсэлттэй,

     “Д.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Дорж овогт Долгорсүрэн нь миний төрсөн ээж бөгөөд 2003 оны 08 дугаар сарын 01-нд нас барсан. Ээж Д.Долгорсүрэнг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдэлд 1972 оны 03 дугаар сараас 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тасралтгүй малчинаар ажилласан  10 жил 09 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранхүү нь ээж Д.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан Г-37 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар Ц.Наранхүү нь Д.Долгорсүрэнгийн төрсөн охин болох нь тогтоогдож байгаа бөгөөд Ц.Наранхүү нь дээрх хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Доржийн Долгорсүрэн нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдэлд малчинаар 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ажилласан  байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасаг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 129 тоот лавлагаа, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн 1976 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай,  1978 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6 дугаартай, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай тус тус зөвлөлийн тэрүүлэгчдийн хурлын тогтоол, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.       

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Долгорсүрэн нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдэлд малчинаар 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Наранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

                                   

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА