Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Замын Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сүлд баг,  8-12 тоотод оршин суух Биндэр овогт Лувсанбалдангийн Зоригтсайхан /РД: ХЛ750806/

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сүлд баг,  8-12 тоотод оршин суух Содов гялхай овогт Рагчаагийн Алтансувд /РД: ХЙ79020901/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,273,910,12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цэвэлмаа, хариуцагч Р.Алтансувд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.Алтансувд, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Зоригтсайхан нар нь 2014.02.17-нд Замын-Үүд Хас банктай зээлийн 1390005589 дугаар гэрээ байгуулж 5,000,000  төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 2,4 хувийн хүүтэйгээр, 2014.04.16-ны өдөр Замын-Үүд Хас банктай зээлийн 1390005888 дугаар гэрээ байгуулж  1,280,000  төгрөгийн зээлийг компютер худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын хүү 2,5 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

1. 2014.02.17-ны өдрийн барьцаат зээлийн 1390005589 дүгээр гэрээгээр УНҮ 41-37 улсын дугаар ¹00594402 гэрчилгээний дугаартай HUANDAI маркын авто машин.

2. 2014.04.16-ны өдрийн барьцаат зээлийн 1390005888 дугаар компютер  ACER маркын зөөврийн компютер

Зээлдэгч нь зээлийн 1390005589  дүгээр гэрээ, зээлийн 1390005888 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.  Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан  нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж 2015 оны 08 сарын 06-ны өдөр зээлийн хугацааг сунгаж зээлийн эргэн төлөлтийг бизнесийн үйл ажиллагааны орлого төлөгдөх нөхцөл байдлыг уялдуулан зээлийн нөхцлийг өөрчилж 1390009463 дугаартай зээлийн гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 176 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нар нь зээлийн 1390009463 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний  5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нарын зээлийн үлдэгдэл 2016.06.09-ний өдрийн байдлаар зээлийн 1390009463 дугаар гэрээний үндсэн төлбөр 3,653,673.12 төгрөг, хүү 601,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,300 төгрөг нийт 4,273,910.12 төгрөг байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэл хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах  үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дараах нэхэмжлийн шаардлагыг гаргаж байна.

1. Зээлийн нийт төлбөр болох 4,273,910.12 төгрөгийг Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нараас гаргуулах

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор барагдуулах

3.  Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах

Жич: хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн тооцох болно гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтансувд, Зоригтсайхан нар нь тус банкнаас 2014.02.17-нд Замын-Үүд Хас банктай зээлийн 1390005589 дугаар гэрээ байгуулж 5,000,000  төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 2,4 хувийн хүүтэйгээр, 2014.04.16-ны өдөр Замын-Үүд Хас банктай зээлийн 1390005888 дугаар гэрээ байгуулж  1,280,000  төгрөгийн зээлийг компютер худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын хүү 2,5 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 12 сарын 16-ны өдрөөс эхлэн төлж барагдуулаагүй, одоогийн байдлаар 176 хоног хугацаа хэтэрсэн байгаа юм. Эдгээр хүмүүсийн хувьд банкны зүгээс боломж олгож зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан боловч зээлийг төлөхгүй байгаа юм. Хариуцагч нар нь зээлийн төлөлтийг  сар 120,000 төгрөгөөр төлж барагдуулна гэж тайлбар гаргасаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Алтансувд, Зоригтсайхан нь одоо хоёулаа бизнесийн орлоготой, ажил хөдөлмөр хийж байгаа төлөх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул зээлийн нийт төлбөр болох 4,273,910.12 төгрөгийг Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нараас гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө орлогоор барагдуулах гэсэн шаардлагыг гаргаж байна. Нэмж хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй болно гэв.

Хариуцагч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид  Хас банкнаас зээл авсан. Алтансувд би 2015 оны 11 сард амаржаад ажлаа хийж чадахгүйн улмаас зээлээ төлж чадахгүй өдийг хүрсэн. Зоригтсайхан би олсон орлогоо гэрийн түрээс болон хоол  унднаас илүү гарахгүй байсан. Уг нь Цагаан дөрвөлж” кузов засварын газарт засвар хийдэг. Уг нь банктай зөвшилцөөд хашаа байшингийн зээлд дахин хамруулж өгвөл хүний байранд өгдөг түрээсээ банкиндаа төлөөд  баймаар байна.Банк зөвшөөрөхгүй бол  сард 120,000 төгрөгөөр зээлийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Р.Алтансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Хас банкнаас 2014 онд эхлээд 5,000,000 төгрөг, дараа нь 1,280,000 төгрөг зээлж авсан юм. Ингээд зээлээ төлж байгаад 2015 оны 11 сараас төлөлтийг хийж чадаагүй юм. Манайх түрээсийн байранд амьдардаг бөгөөд байрны түрээсэнд 250,000 төгрөг, ажлын байрныхаа түрээсэнд 450,000 төгрөг төлдөг болохоор орлого муу үед зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байгаа учраас сард 120,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан юм. Уг нь Хас банкны захиралтай уулзаад хашаа байшингийн зээлд хамруулаад энэ зээлийг багтаагаад зээлийн хугацааг уртасгаад өгөөч гэж хүсэлт тавьсан бөгөөд банкнаас 2,3 хашаа байшин санал болгосон боловч авч чадаагүй юм. Барьцааны хөрөнгийн хувьд компьтер гэрт байгаа, машинаа хот руу заруулах гээд явуулсан боловч манай нөхрийн ах нь юм мөргүүлсэн гэсэн. Зээлийг бүрэн төлж барагдуулна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төв хариуцагч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,273,910,12 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 4,273,910 төгрөгийг сард 120,000 төгрөгөөр төлж барагдуулна гэж,  нэхэмжлэгч байгууллага нь зээлийн төлөлтийг сар бүрийн зээл төлөлтийн хэмжээг  зөвшөөрөхгүй гэж маргаж  байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хариуцагч Р.Алтансувд, Л.Зоригтсайхан нар нь нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төвтэй 2014 оны 02 сарын 17-нд 1390005589 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000  төгрөгийн зээлийг  24 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй, 2014 оны 04 сарын 16-ны өдөр 1390005888 тоот зээлийн гэрээ байгуулж  1,280,000  төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй тус тус зээлэн байх бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөд УНҮ 41-37 улсын дугаар бүхий, ¹00594402 гэрчилгээний дугаартай, Starex маркын авто машин, ACER маркын зөөврийн компютер зэргийг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төв нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 5 дугаар  зүйлийн 5.1.1-т зааснаар зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй  байна.

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны  гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон  хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Р.Алтансувд, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Зоригтсайхан нар нь 2015 оны 11 сараас зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй 176 хоногоор хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардсан боловч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр 3,653,673.12 төгрөг, хүү 601,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,300 төгрөг нийт 4,273,910.12 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч нарын хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч буюу зээлдэгч Р.Алтансувд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Зоригтсайхан нараас зээлийн гэрээний үүрэгт 4,273,910.12  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйл болох УНҮ 41-37 улсын дугаар бүхий, ¹00594402 гэрчилгээний дугаартай, Starex маркын авто машин, ACER маркын зөөврийн компютер зэргээр үүргийн гүйцэтгэлээс хангуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал нь зээлдэгч нарын бусад хөрөнгө, орлогоос зээлийн үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хариуцагч нарын бусад хөрөнгө орлогыг тодорхойлох боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн тооцох болно гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хуралдаан хийх хүртэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.

Хариуцагч Л.Зоригтсайханд шүүх хуралдааныг товыг 2016 оны 07 сарын 05-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Л.Зоригтсайханы эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Лувсанбалдангийн Зоригтсайхан /РД: ХЛ750806/, Содов гялхай овогт Рагчаагийн Алтансувд /РД: ХЙ79020901/ нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,273,910,12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох УНҮ 41-37 улсын дугаар бүхий, ¹00594402 гэрчилгээний дугаартай Starex маркын авто машин, ACER маркын зөөврийн компютер зэргээр үүргийн гүйцэтгэлээс хангуулсугай.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 605 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний барьцааны зүйл болох УНҮ 41-37 улсын дугаар бүхий, ¹00594402 гэрчилгээний дугаартай Starex маркын авто машин, ACER маркын зөөврийн компютер зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 83,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 83,333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД