Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2016/00135

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум,  3 дугаар баг, 2-2 дугаар гудамж, 19 тоотод оршин суух Шархүү овогтой Цэрэнтүндэвийн Ганцэцэгийн /РД:ЙБ64070602/  хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ганцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Ганцэцэг миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний эцгийн нэрийг бичихдээ Цэрэнлхүндэв төрсөн оныг 1965 гэж буруу бичсэн учир би энэ хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч биш болоод байгаа юм. Иймд энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нь Цэрэнтүндэвийн Ганцэцэг миний бие мөн болохыг тогтоож өгнө үү. ...Миний бие Ц.Ганцэцэг нь тус шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Миний бие нь түнхний мултралттай хөл муутай тул олон дахин нааш цааш явах боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ганцэцэг нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Ганцэцэгт 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цэрэнлхүндэвийн Ганцэцэг гэсэн нэртэйгээр хөдөлмөрийн дэвтэр олгогдсон байна.

Хүсэлт гаргагч нь “...1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг буруу бичсэн ...” гэж тайлбарласан нь мөн дээрх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Цэрэнтүндэвийн Ганцэцэг болох нь түүний цахим үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх  захиргааны 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар, 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай захирамжуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Шархүү овогтой Цэрэнтүндэвийн Ганчулуун нь “...Миний төрсөн эгч Ц.Ганцэцэг 1964 онд төрсөн. Манай аавыг Доржийн Цэрэнтүндэв гэдэг манай ээжийг Цэдэнгийн Цэрэндолгор гэдэг хүн байдаг. Эгч маань 1983 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумийн барилгын нягтлан бодогч эдийн засгийн ангид суралцан төгсөж ирээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Санхүү тасагт тооцооны нягтлан бодогчоор 1985 оноос эхэлж ажилласан. Мөн 1986 оноос Банкинд тооцооны кассаар, 1998 онд Ахуйн үйлчилгээний төвд нягтлангаар 1993 он хүртэл ажиллаж байсан. Ц.Ганцэцэг нь 1993 оноос хойш одоог хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлангаар ажиллаж байна. Ц.Ганцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийг нээхэд тухайн үеийн боловсон хүчин нь манай аавын нэрийг Цэрэнлхүндэв гэж буруу бичсэн юм байна лээ. Манай аав бол Доржийн Цэрэнтүндэв гэдэг юм...” гэж, мөн Шархүү  овогтой Цэрэнтүндэвийн Цэгмид нь “...Ц.Ганцэцэг миний төрсөн дүү байгаа юм. Ганцэцэг нь 1964 онд төрсөн. Манай аавыг Доржийн Цэрэнтүндэв гэдэг манай ээжийг Цэдэнгийн Цэрэндолгор гэдэг хүн байдаг. Манай аав 91 настай хөгшин Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суудаг. Ц.Ганцэцэг 1973 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж 10 дугаар ангиа төгсөж Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумийн барилгын нягтлан бодогч эдийн засгийн ангид суралцан төгсөж ирээд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Санхүү тасагт тооцооны нягтлан бодогчоор 1985 оноос эхэлж ажилласан. Мөн 1986 оноос Банкинд тооцооны кассаар, 1998 онд Ахуйн үйлчилгээний төвд нягтлангаар 1993 он хүртэл ажиллаж байсан. Ц.Ганцэцэг нь 1993 оноос хойш одоог хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуульд нягтлангаар ажиллаж байна. Ц.Ганцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийг нээхэд тухайн үеийн боловсон хүчин нь манай аавын нэрийг Цэрэнлхүндэв гэж буруу бичсэн юм байна лээ. Манай аав бол Доржийн Цэрэнтүндэв гэдэг юм...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Иймд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цэрэнлхүндэвийн Ганцэцэг гэсэн нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч Цэрэнтүндэвийн Ганцэцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “эдгээр үйл баримтыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ц.Ганцэцэг нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Шархүү овогтой Цэрэнтүндэвийн Ганцэцэгийг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Цэрэнлхүндэвийн Ганцэцэг нэртэйгээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Ц.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

ДАРГАЛАГЧ                                                Б.САРАНТУЯА