Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00151

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээт, 13 гудамж, 280 тоотод оршин суух, ЙС61052009 дугаарын регистртэй, Шар овгийн Доржзовдын Бямбасүрэнгийн 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Миний бие нь 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Ой агнуурын аж ахуй”-д үр суулгагчаар ажилласан. Архивын лавлагаа 1981, 1984, 1986-1990 онуудын цалингийн баримт байхгүй байна. 1987, 1989 онд хүүхэд төрүүлсэн. Хүүхдийн төрсний гэрчилгээг хамт хавсаргаж өгсөн. Иймд 1981 оноос 1990 оныг дуустал Хужирт сумын “Ой агнуурын аж ахуй”-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Ой агнуурын аж ахуйд” 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдөр, 1985 оны 01-12 сар, 1988 оны 1-12 саруудад үр суулгагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №579 дугаартай архивын лавлагаа, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Бямбасүрэнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай  аймгийн ой агнуурын аж ахуйн даргын 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №125 дугаартай “Ажилд авах шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, тушаалын хавсралт, гэрч О.Цэгмэд, Д.Ганбаатар нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагч Д.Бямбасүрэн нь 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1984, 1986, 1987, 1989, 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Ой агнуурын аж ахуйд” үр суулгагчаар ажиллаж байсан гэх боловч дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.          

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шар овгийн Доржзовдын Бямбасүрэнг “Ой агнуурын аж ахуйд Хужирт сумын “Ой агнуурын аж ахуйд” 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ны өдөр, 1985 оны 01-12 сар, 1988 оны 1-12 сар дуустал үр суулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1984, 1986, 1987, 1989, 1990 оныг дуустал  ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ                              Ц.ДАГИЙМАА