Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00981

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-өндөр сум Рашаант баг 39-12б тоотод оршин суух, Боржигон овгийн Жамъяаншаравын Отгонжаргал /АЭ78012661/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 35-04 тоотод оршин суух Боржигин овгийн Бямбажавын Ариунаа /ФМ64071668/-д холбогдох

 “2 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Отгонжаргал, хариуцагч Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Отгонжаргал нь иргэн Б.Ариунаад 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1 сарын хугацаатай 2 000 000 төгрөг зээлсэн болно. Түүнээс хойш удаа дараа нэхсэн боловч авч чадахгүй 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2016 оны 03 дугаар сарын 15-н гэхэд 2 000 000 төгрөгийг өгч дуусгана гэж бичиг хийж өгсөн. Гэвч одоо болтол мөнгөө авч чадахгүй байгаа тул 2 000 000 төгрөгөө иргэн Б.Ариунаагаас гаргуулж авахаар нэхэмжилж байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ариунаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ариунаа нь Жамъяншарав овогтой Отгонжаргалаас 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1 сарын хугацаатай 2 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. Үүнээс хойш хөөцөлдөж буй ажил маань бүтэхгүй хойшлогдсоор байгаад өдий хүрлээ. Энэ хугацаанд 2016 оны 02 дугаар сарын 19-нд 100 000 төгрөгийг мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-нд 200 000 төгрөг, мөн 2016 оны 06 дугаар сарын 25-нд 400 000 төгрөгийг тус тус өгсөн болно. Гэхдээ би Отгонжаргалд 2 000 000 төгрөгний асуудлыг шийдэж өгнө. Би 2 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тиймээс би энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-нд 400 000 төгрөгийг тус тус өгнө. Би хуваагаад өгье гэхээр зөвшөөрөхгүй байгаа юм. Бүтнээр нь өгнө гэвэл 10 сард л нөхрийн групп сунгагдахаар өгөх болно. Одоо надад үнэндээ боломж алга байна л даа гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал нь хариуцагч Б.Ариунаад холбогдуулан “2 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хугацааг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал нь Б.Ариунаад 2,0 сая төгрөгийг зээлүүлсэн талаар талууд маргааүй ба тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.  

Хариуцагч 2,0 сая төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-нд 400 000 төгрөгийг төлнө гэсэн. Бүтнээр нь төлөх бол 10 сард төлнө гэж байх тул Б.Ариунаагаас 2,0 сая төгрөг гаргуулан Ж.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ариунаагаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонжаргалд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА