Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2016/00884

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-06 тоотод оршин суух, Тайжууд овгийн Нямтулгын Энхцэцэг /ФМ79053165/-т хариуцагдах

“Зээлийн гэрээний үүрэг 6 459 472 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Энхцэцэг нь 2011 оны 08 дугаар сарын 02-нд тус хоршооноос 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэж аваад, зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Н.Энхцэцэг нь 2011 онд зээл аваад эхний төлөлтөө 2011 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр төлөөд хамгийн сүүлд 2013 оны 11 сарын 14-ний өдөр 997 906 төгрөг төлөөд үлдэх төлбөрөө төлөхгүй хоршоог хохироосоор байна. Н.Энхцэцэгээс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 3 628 750 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 530 722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 300 000 төгрөг нийт 6 459 472 төгрөг гаргуулан авна. Зээлдэгч Н.Энхцэцэгээс авах учиртай төлбөрөөсөө түүий төлсөн 7 416 571 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд зээлдэгч Н.Энхцэцэгээс 6 459 472 төгрөгийг гаргуулан “Эмпипи” ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Энхцэцэг нь “Эмпипи” ХЗХ-оос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд дурьдсан 5 000 000 төгрөгийг намайг зээлийн гэрээ хийж зээлж авсан мэтээр нэхэмжилсэн нь худал бөгөөд миний бие 2011 онд 5 000 000 төгрөг зээлж аваад нийт 7 416 571 төгрөг болгон төлсөн ба анх зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлж авсан юм. Нөгөө талаас миний бие тус хоршооны гишүүн биш юм. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 28-нд намайг тус хоршооны хуулийн зөвлөх Ж.Нямаа гэх эмэгтэй утсаар дуудсан ба очтол зээлийн гэрээнд гарын үсэг зураад өг гэж хүссэнийх нь дагуу миний бие гарын үсэг зураад түүний хуулбарыг нь авсан. Уг гэрээ нь ямар утга агуулгыг илэрхийлж байгаа нь тодорхойгүй ба 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэсэн он сартай байсан юм. Тус зээлийн гэрээгээ үндэслэн надаас 6 459 472 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие дээрх зээлж авсан мөнгөө төлсөн бөгөөд тус хоршоо нь зээлийн гэрээг хуурч байгуулаад ийнхүү их хэмжээний өртэй мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс “Эмпипи” хапгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчидын тайбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь Н.Энхцэцэгт холбогдуулан “6 459 472 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 3 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэсэн.

Уг зээлийн гэрээ нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, гэрээний зүйл заалт бүрийн утга санаа нь бүрэн гараагүй, төгсгөл нь дутуу байх ба гэрээний 4.8, 4.9-д 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр ТЗ-ийн хурлын 2 дугаар тогтоолоор нэмэлт гэсэн нь гэрээг нөхөн хийсэн гэж үзэхээр байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 28-нд намайг тус хоршооны хуулийн зөвлөх Ж.Нямаа гэх эмэгтэй утсаар дуудаад зээлийн гэрээнд гарын үсэг зураач гэсний дагуу миний бие гарын үсэг зурсан, уг гэрээ нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэсэн он сар өдөртэй байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

Хариуцагч 2011 онд 5 000 000 төгрөийг зээлж аваад нийт 7 416 571 төгрөг болгон төлсөн гэсэнтэй нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэлдээ ч энэ талаар дурьдсан байна.    

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба “уг зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилжээ. 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлиийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”, 76 дугаар зүйлийн 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ. 

            Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр “Эмпипи” ХЗХ-ны Н.Энхцэцэгээс 6 459 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр заалаа.      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй Н.Энхцэцэгт холбогдох  6 459 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118 302 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА