Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/00834

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-5-55 тоотод оршин суух, Өвөр торгуут овгийн Цагаачийн Эрдэнэцэцэг /ФБ78052564/-т хариуцагдах

“3 286 633 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэцэцэг нь 2014-04-09-нд тус хоршооноос  12 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4.5%-ийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Ц.Эрдэнэцэцэгээс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 11 589 000 төгрөг зээлийн хүүгийн үлдэгдэл 2 263 000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 648 000 төгрөг нийт 14 500 000 төгрөг гаргуулан авна. Зээлдэгч Ц.Эрдэнэцэцэгийн төлөх учиртай нийт төлбөрөөс түүний төлсөн 6 146 986 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд зээлдэгч Ц.Эрдэнэцэцэгээс 14 500 000 төгрөгийг гаргуулан “Эмпипи” ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Эрдэнэцэцэг “Эмпипи” ХЗХ-оос 12 589 000 төгрөг зээлж авсан 1 жил гарангийн хугацаанд үндсэн төлбөрийн хүү гэж 6 146 986 төгрөг төлсөн. Зэх зээлийн хүнд хямралын үед үндсэн мөнгөө төлж чадахгүйд хүрсэн тул нэхэмжилж байгаа 14 500 000 төгрөгийг бөөнөөр нь өгч чадахгүй тул өөрийн боломжоороо сар бүр 300 000 төгрөг өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь хариуцагч Ц.Эрдэнэцэцэгээс “14 500 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжилсэн 14 500 000 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь “Эмпипи” ХЗХ-оос 12 589 000 төгрөг зээлж авсан 1 жил гарангийн хугацаанд үндсэн төлбөрийн хүү гэж 6 146 986 төгрөг төлсөн. Зэх зээлийн хүнд хямралын үед үндсэн мөнгөө төлж чадахгүйд хүрсэн тул нэхэмжилж байгаа 14 500 000 төгрөгийг бөөнөөр нь өгч чадахгүй тул өөрийн боломжоороо сар бүр 300 000 төгрөгөөр төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 14 500 000 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-д 14 500 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 115 225 төгрөг, төрийн сангаас 115 225 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-д олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.ХИШИГДАВАА.