Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-10-39 тоотод оршин суух, Алаг адуун овгийн Норжингийн Баатарсүх /ЙЮ70072933/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 1-3 тоотод орин суух, Чонос овгийн Лхагваагийн Батгэрэл /ФВ63100615/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр Зэст баг 1-2-74 тоотод оршин суух, Олхонууд овгийн Батцэцэгийн Батбаяр /ШЖ77081694/-д холбогдох 

“Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 4 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Баатарсүх, Л.Батгэрэл, хариуцагч Б.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Баатарсүх, Л.Батгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Жаргалант суманд газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг Бямбацогтын компанид тракторын жолоочоор ажилладаг. Б.Батбаяр нь манай захирал Ё.Бямбацогттой хадлан хийж ашгаа хувааж  авахаар тохирсоны дагуу бид 2, 2015 .08.21-нээс 2015.10.21-ныг хүртэл 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийхээр болж, сарын нэг хүнийг 1 500 000 төгрөгний цалин авахаар тохирч Жаргалант сумаас техник хэрэгсэл гэр гал тогоогоо ачин Б.Батбаярыг даган явж 2 сар ажиллаж 19 300 ширхэг жижиг пресстэй өвс, 293 ширхэг том пресстэй өвс хийсэн. Хадлангийн ажил 2015-10-27-нд дууссан. Өвсийг Б.Батбаяр зарж борлуулаад цалин хөлсийг өгнө гэсэн тул Батбаяр нь Л.Батгэрэл надад 1 500 000 төгрөг өгсөн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өгөөгүй, Н.Баатарсүхэд нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд Б.Батбаяраас 2 сарын цалин болох 4 500 000 төгрөгийг бидэнд олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Батгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэлээ дэмжиж байна. ... Б.Батбаяр надтай тохирохдоо нэг сард 1 500 000 төгрөг өгнө гэж тохирсон. Надад 1 500 000 төгрөг өгсөн. Цалингаа өдрийн 50 000 төгрөгөөр тохирсон. Орон байр, хоол хүнсээ Б.Батбаяр гаргана гэж тохирсон. 2015.08.21-нээс 2015.10.06 хүртэл ажилласан. Мэргэжлийн жолооч нэг л явсан тул намайг механик жолооч, хөдөлмөр хамгааллыг давхар хий гэсэн. Цалингийн 40 хувиар цалин өгнө гэсэн. Одоо би 14 хоногийн мөнгө 650 000 төгрөг, цалингийн 40 хувь нийлээд 1 500 000 төгрөг нэхэмжилнэ.. гэжээ.   

Нэхэмжлэгч Н.Баатарсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би Б.Батбаяртай тохиролцоод өвс хадаж өгсөн. Тохироогүй бол явахгүй байсан. Иймд миний ажлын хөлс 3,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. “Улаантолгой”-гоос Б.Батбаяр нь надтай хамт Улаанбаатар руу гарахдаа ажлаа хийж бай, цалин өгөх нь баараггүй гэж хэлсэн. Тэгж хэлсэн болохоор би ажиллаж байх хугацаандаа цалин авья гэж нэхээгүй. Би тармуур, прессэнд явж байсан. Техникийн засвар үйлчилгээ, слесарийг хамтарч хийж байсан. Ананд-Очир гээд Б.Батбаярын дүү нь бид нарыг хариуцан ажиллаж байсан. Ананд-Очирт мөнгө хэлэхээр та дансаа өгчих гээд дансаа өгөөд ч өгөөгүй. Тэгээд эхлээд энэ асуудлаа дуусгачих, дараа нь болоё гэдэг байсан. Хэрэвээ Б.Батбаяр надтай тохироогүй бол би хамаг техникийг нь ачиж авч явах, мөн авчрахгүй байсан. Анхнаасаа Б.Батбаяр надтай тохироогүй бол би явахгүй байсан ... гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015-оны 8 дугаар сарын суүлээр миний бие нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Бор овоот” гэх газар хадлан хийсэн. Ингэхдээ миний бие нь Л.Баггэрэлтэй хадлан авах нийт хугацаанд 1 500 000 төгрөгний хөлс өгөхөөр тохиролцож ажилласан, харин 1 сард 1 500 000 төгрөгний хөлс өгнө гэж тохирсон асуудал байхгүй бөгөөд Л.Батгэрэлийн хөлс болох 1 500 000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин ч энэ хүнд гутал, хувцас авч өгсөн үнийг би хөлсөнд тооцож, суутгал хийгээгүй. Л.Батгэрэл нь надтай 1 сар 12-13 хоног ажилласан. Энэ хадлан хийх хугацаанд хээрийн түймэр гарч 22 000 боодол өвс маань түймэрт өртсөн, надад олсон ашиг байхгүй, гаргасан зардалаа ч нөхөж чадаагүй ч нэгэнт тохирсоноороо 1 500 000 төгрөгний хөлсийг нь төлсөн, /замын зардал, хоол, хүнсний мөнгийг нь миний бие бүгдийг нь гаргаж байсан анх ч тэгж тохиролцсон/ одоо Л.Батгэрэлд миний зүгээс төлөх хөлс байхгүй. Н.Баатарсүх гэж хүнтэй миний бие ямар нэгэн байдлаар гэрээ, тохиролцоо, хэлцэл хийж хадланд авч явсан юм байхгүй. Энэ хүний хөлс мөнгөний асуудлыг надтай цуг хадлан хийж байсан Бямбацогт хариуцан гаргах ёстой. Бямбацогт энэ хүнийг авч явсан, Бямбацогтын хадам дүү нь юм, тиймээс хөлс зардалаа хадам ах болох Бямбацогтоос нэхэх хэрэгтэй. Надтай Баатархүү нь ямар ч хөлс тохирсон хэлцэл хийгээгүй, би ч энэ хүнийг ажиллуулаагүй учраас Баатарсүхэд миний зүгээс төлөх хөлс мөнгө гэж байхгүй. Надаас нэхэж байгаад нь гайхаж байна. Хэрэв миний бие нь үнэхээр л Баатархүүд хөлс төлнө гэж ажиллуулсан бол Батгэрэлийн нэгэн адил хөлсийг нь төлөх байсан нь тодорхой шүү дээ. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би Бямбацогттой тохиролцоод бид 2, хадлан хийхээр болсон. Техник гаргаж байгаа хүн нь ажилчдаа гаргана гэсэн. Бамбацогт техникээ гаргасан, би санхүүгээ хариуцна гэж тохиросн юм. Ингээд хадлан гарах болоход Бямбацогт нэг хүн дутаад байна гээд Батгэрэлд ажилд явах санал тавьсан. Ингээд хадлан буух хугацаанд 1 500 000 төгрөгөөр цалинжуулна гэж Батгэрэлтэй тохирсон. Баатарсүхтэй би ер тохироогүй. Тохирсон бол би мөнгө өгөх байсан. Баатарсүх нь Бямбацогтын эхнэрийнх нь дүү юм. Батгэрэл нийт 1 сар 11 хоног ажилласан. Н.Баатарсүх хадлан дуустал ажилласан... 22 000 боодол өвсөө шатаасан. Хадлан дээр намайг орлоод миний дүү Ананд-Очир ажиллаж байсан... гэжээ.       

Зохигчидын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Баатарсүх нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 3 000 000 төгрөг, Л.Батгэрэл нь 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Батбаяраас тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.   

            Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Бор овоот” гэх газарт 2015 оны 8 дугаар сарын 21-нээс Л.Батгэрэл нь 1 сар 13 хоног, Н.Баатарсүх нь 10 дугаар сарын 27 хүртэл хугацаанд буюу хоёр сарын хугацаанд Б.Батбаярт өвс хадаж өгсөн талаар талууд маргаагүй.        

            Зохигчдын хооронд  хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заасан байна. 

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Л.Батгэрэлтэй хадлан хадах хугацаанд 1 500 000 төгрөгөөр цалинжуулна гэж тохирсон, нэг сард 1 500 000 төгрөг өгөхөөр тохироогүй. Харин Н.Баатарсүхтэй би тохироогүй, Бямбацогтын эхнэрийнх нь дүү юм, тийм учраас хөлс зардалаа хадам ах болох Бямбацогтоосоо нэхэх хэрэгтэй... гэж татгалзсан.   

            Гэсэн хэдий ч Н.Баатарсүх нь 2015 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн хадлан хадаж, 2015 оны 10 дугаар сарын 27 хүртэл хадлан буутал тасралтгүй ажиллаад ажлын хөлс нэг төгрөг ч аваагүй болох нь, мөн нэхэмжлэгч Л.Батгэрэл ажлын хөлс 1 500 000 төгрөг авсан болох нь тус тус нотлогдсон.

            Хадланг Б.Батбаяр нь хариуцан, түүний дүү Ананд-Очироор ахлуулан ажиллуулсан /хадуулсан/ болох нь талуудын тайлбараар нотлогдож байх ба хадланд ажилласан Н.Баатарсүхээс бусад бүх хүмүүсийн цалинг Б.Батбаяр нь өгсөн талаар хариуцагч өөрөө тайлбарлаж байгаа.              

            Анхнаасаа хадлан хийхдээ техник хэрэгсэл болон хүн хүчээ Бямбадорж гаргах, санхүүгээ Б.Батбаяр гаргахаар тохиролцсон, мөн хадланд ажилласан Н.Баатарсүхээс бусад хүмүүсийг Б.Батбаяр нь цалинжуулсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдсон бөгөөд Б.Батбаяр нь Н.Баатарсүхийг хадланд ажиллаагүй гэж маргаагүй, Бямбацогттой тохирсон надтай тохироогүй гэж нэхэмжлэлээс татгалзаж буй нь үндэслэлгүй байна.

            Хадланг Б.Батбаяр буюу түүний дүү Ананд-Очир ахлан хадуулсан байх ба бусад хүмүүсийн цалинг Б.Батбаяр гаргасан, Н.Баатрсүх нь хадланг дуустал нь ажилласан зэрэг нь Б.Батбаяртай тохироогүй гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Бямбацогт Б.Батбаяр нарын хооронд ямар тохиролцоо байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хадлан хадах ажлын санхүүгийн асуудлыг Б.Батбаяр хариуцан ажилласан, мөн хадланг ч Б.Батбаяр нь хадуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдсон.   

            Нэхэмжлэгч нар нь “Улаантолгой” сангийн аж ахуйгаас техник хэрэгслийг ачаад, Улаанбаатар хотоос сэлбэг хэрэгсэлийг Б.Батбаярын хамт аваад, хадлан хийх газарт очиж 10 хоног техниктээ засвар үйлчилгээ хийгээд ажилдаа гарсан байх ба тэд тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ гүйцэтгэсэн байна. Тиймээс нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй, харин хариуцагч ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

            Харин нэхэмжлэгч Н.Баатарсүхийн нэг сарын 1 500 000 төгрөгөөр цалинжуулна гэсэн, Л.Батгэрэлийн механик жолооч, хөдөлмөр хамгааллыг давхар хийгээд цалингийн 40 хувиар цалин өгнө гэсэн тайлбар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ нэхэмжлэгч нар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.           

            Иймд дээрх үндэслэлүүдээр Н.Баатарсүхэд 1 500 000 төгрөг гаргуулан олгож, Н.Баатарсүх, Л.Батгэрэл нарын тус бүр 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Баатрасүхэд олгохоор  заалаа.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батбаяраас 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баатарсүхэд олгож, нэхэмжлэлээс Н.Баатарсүхийн 1 500 000 төгрөг, Л.Батгэрэлийн 1 500 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баатарсүхэд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА