Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут 50-09 тоотод оршин суух Сүмч овгийн Шагдарсүрэнгийн Тунгалаг /АГ66062805/-ийн хүсэлттэй

 "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Тунгалаг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Архангай аймгийн Их тамир сумын хүүхдийн цэцэрлэгт 1984 оны 03 сарын 16-ны  өдрөөс 1992 оны 10 сарын 13-ны  өдөр хртэл тогооч үйлчлэгч зэрэг ажил хийж байсан. Тус сумын захиргаа 1993 оны 11 сард шатаж ажиллаж байсан талаарх лавлагаа авах боломжгүй болсон. Иймээс хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон нэхэмжлэлд хавсаргасан бусад нотлох баримтыг үндэслэн дээрх онуудад ажиллаж байсан байдлыг минь тогтоож  өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шагдарсүрэнгийн Тунгалаг нь шүүхэд хандан 1984 оны 03 сарын 16-наас 1992 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл Архангай аймгийн Их тамир сумын Хүүхдийн цэцэрлэгт тогооч, үйлчлэгчээр ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

Ш.Тунгалаг нь 1984 оны 03 дугаар сарын 16-нд Архангай аймгийн Их тамир суман дахь хүүхдийн цэцэрлэгт анх тогоочоор түр ажилд ороод, 1992 оны 10 дугаар сарын 13-ны хүртэл тасралтгүй тогооч, тогоочийн бэлтгэгч, галч, асрагч, хүмүүжүүлэгчийн туслагч зэрэг ажлуудыг хийж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Ш.Тунгалагийн өөрийнх нь тайлбар, Орхон аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Архангай аймгийн Их тамир сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.Наранхүүгийн тодорхойлолт,  Архангай аймгийн Их тамир сумын засаг даогын тамгын газрын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Шагдарсүрэнгийн Тунгалагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээх зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сүмч овогт Шагдарсүрэнгийн Тунгалагийг  1984 оны 03 сарын 16-наас 1992 оны 10 сарын 13-ны өдөр хүртэл Архангай аймгийн Их тамир сумын Хүүхдийн цэцэрлэгт тогооч, тогоочийн бэлтгэгч, галч, асрагч, хүмүүжүүлэгчийн туслагч зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА