Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2016/00791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 15-6 тоотод оршин суух, Сартуул овгийн Санжийн Цэгмид /ИЮ61060196/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Цэгмид, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, гэрч Жаргалсайхан, Г.Лхагвасүрэн, Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэгмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Цэгмид би 1979-1982 онд цэргийн алба хаагаад Завхан аймгийн Техник туслалцааны барилга тресстэд анх 1982 оны 10 сараас туслах ажилчинаар ажилд орсон. Ингээд 1983 оны 04 сараас погручигээр ажиллаж байгаад, 1986 оны 02 сараас камаз маркын /20тн даацтай шаланз/ авто машины жолоочоор ажилласан юм. 1991-01-22-оос ТТБУТ-ийг татан буугдахад “Өнөр” ХХК-д шилжин ажилласан. Завхан аймгийн ТТБУТ-д камаз маркийн авто машины жолоочоор 1984 оны 02 сарын 01-ээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл 4 жил 11 сар 21 жил ажилласан ба энэ хугацаа нь Барилгын салбарт хүнд даацын авто машины жолоочоор ажилласан жилд тооцохгүй байна.

“Орхон Азза” ХХК-д 2005 оны 04 сарын 01-ээс эхлэн МАЗ маркийн тос чанагч авто машины жолоочоор орсон. 2009 онд Метонг маркийн битум цацагч дизель авто машины жолоочоор одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд намайг анх ажилд ороход л тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт жолоочоор гэж ерөнхий нэрээр бичсэн тул Зам, гүүрийн салбарт ажилласан 10 жил 1 сарын хугацаа хүнд нөхцөлд тооцогдохгүй, хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд холбогдох баримтуудаа бүрдүүлэн ажилласан хугацааг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1984-02-01-нээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл камаз авто машины жолоочоор 4 жил 11 сар 21 жил ажилласан, “Орхон Азза” ХХК-д 2005-04-01-нээс 2016 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл Маз, Метонг маркийн тос чанагч дизель авто машины жолоочоор тус тус ажилласан ба холбогдох бармтуудыг бүрдүүлэн ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Санжийн Цэгмид нь шүүхэд хандан “Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1984-02-01-ээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл камаз авто машины жолоочоор, “Орхон Азза” ХХК-д 2005-04-01-нээс 2016 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл Маз, Метонг маркийн тос чанагч дизель авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

С.Цэгмид нь Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1984-02-01-нээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл камаз авто машины жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1982.10.15-ны 205 дугаартай Завхан дахь Техник туслалцааны барилга трестийн даргын С.Цэгмидийг нормчиноор томилсон тушаал, 1983.04.25-ны өдрийн 73 дугаартай С.Цэгмидийг 1983.04.12-ноос погрузчикийн жолоочоор томилсон тушаал, Завхан аймгийн Техник туслалцааны барилгын тавдугаар  трестийн даргын 1991.01.21-ний өдрийн 06 дугаартай “пүүсийн ажилчдын албан тушаал, орон тоо цалинг батлах тухай, 1991.01.23-ны өдрийн 07 дугаартай “албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх” тушаалууд, С.Цэгмидийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарууд, Орхон-авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаний 2016.04.18-ны өдрийн 64 дугаартай албан бичиг /тодорхойлолт/, Орхон-авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компаний даргын 2016.05.02-ны өдрийн Б/09 дугаартай С.Цэгмидийг энэ өдрөөс эхлэн тос цацагч дизель авто машины жолоочоор ажиллуулах тухай тушаал, гэрч Жаргалсайхан, Г.Лхагвасүрэн, Г.Эрдэнэбат нарын мэдүүлгүүд, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд, фото зургууд, диплом зэрэг баримтуудаар нотлогдож байна.     

Иймд Санжийн Цэгмид Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1984-02-01-нээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл камаз авто машины жолоочоор, “Орхон-авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани”-д 2005-04-01-нээс 2016 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл Маз, Метонг маркийн тос чанагч дизель авто машины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                              

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сартуул овгийн Санжийн Цэгмид /ИЮ61060196/-ийг Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1984-02-01-нээс 1991 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл камаз авто машины жолоочоор, 2005-04-01-нээс 2016 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл “Орхон-авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани”-д Маз, Метонг маркийн тос чанагч дизель авто машины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА