Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00772

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт толгод 24-10 тоотод оршин суух Зана овгийн Даваагийн Оюунчимэг /ВБ88111307/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт толгод 16-04 тоотод оршин суух, Боржигин овгийн Баянжаргалын Эрдэнэтулга /ФМ82072091/-д холбогдох

“2 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхрийн найз болох Б.Эрдэнэтулгад өөрийнх нь хүсэлтээр 2 000 000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүүгүйгээр зээлсэн. Тухайн үед надаас авсан мөнгөөр зээл чөлөөлөөд буцаагаад өгнө гэж хэлээд авсан. Гэтэл одоо болтол надад нэг ч төгрөг өгөхгүй зугтаж алга болоод байна. Иймд түүнээс 2 000 000 төгрөгийг гаргуулан авч өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Эрдэнэтулга нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэтулга нь Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 000 000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Б.Эрдэнэтулгаас “2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэтулга нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэтулга төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Б.Эрдэнэтулга нь нэхэмжлэгч Д.Оюунчимэгт 2 000 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 23 475 төгрөг, төрийн сангаас 23 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Б.ХИШИГДАВАА.