Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2016/00753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-65 тоотод оршин суух, Той лам овгийн Дашдаваагийн Тогосоо /ФБ63122823/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Тогосоо, гэрч Д.Хасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Тогосоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дашдаваа овогтой Тогосоо нь 1983 оны 05 дугаар сарын 01-нээс УБҮ-ийн Эрдэнэт профлактори сувилалд хоол зөөгчөөр анх ажилд ороод, 1983 оноос 1992 оныг хүртэл зөөгч хийж байгаад 1992 оноос тогоочоор дэвшин ажиллаж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Миний ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч Орхон аймгийн архивт болон мөн УБҮ-ийн архивт огт байхгүй байна. Иймд 1983 оны 05 сарын 01-ээс 1996 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Дашдаагийн Тогосоо нь шүүхэд хандан “1983 оны 05 сарын 01-ээс 1996.12.31-нийг хүртэл Эрдэнэтийн Профилактори сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Д.Тогосоо нь “1983 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Эрдэнэт Профилактори сувилалд зөөгчөөр орж, 1996 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тогоочоор шилжин ажиллаж байсан болох нь Д.Тогосоогийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Худалдаа бэлтгэлийн яамны дэргэдэх байнгын курсын амралт сувилалын газрын зөөгч үйлчлэгчийн мэргэжил олгох 45 хоногийн зөөгч үйлчлэгчийн мэргэжил олгосон үнэмлэх, Монголын үйлдвэрчиний эвлэлийн бат илэрхийлэх, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт сувилалын цогцолборын Д.Тогосоог тус байгууллагад 32 жил 11 сар ажилласаг гэсэн тодорхойлолт, гэрч Д.Хасаагийн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна.

  Эрдэнэт профилактори сувилал нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрүүл мэнд соёлын төвийн даргын  тушаалаар Эрүүл мэнд соёлын төвийн харъяанд шилжсэн байна.      

Иймд Дашдаваагийн Тогосоог 1983 оны 05 сарын 01-ээс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                             

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Той лам овгийн Дашдаваагийн Тогосоо /ФБ63122823/-г 1983 оны 05 сарын 01-ээс 1996 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрдэнэт  профилактори  сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА