Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00171

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, “Хар тойром” газар оршин суух Жуужан овогтой Батмөнхийн Ишийн /РД:ЙЮ58012074/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Иш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Иш миний бие нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан. Миний ажилд орсон гарсан тушаал архиваас гарахгүй байгаа тул 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.        

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Иш нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Иш нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 715 дугаартай архивын лавлагааны хуулбар, ББМҮЯамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1979 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 232 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, БНМАУ Барилга угсралтын трестийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Чойго овогтой Лувсангийн Аюуш нь “...Би 1979 онд цэргээс халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажилд орсон. Намайг ажиллаж байхад 1979 оны 01 дүгээр сараас Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан. Б.Иш нь 1979-1990 оныг дуустал Барилга угсралтын ангид ажиллаж байсан...” гэж, мөн Боржигон овогтой Хадын Мөнхцэцэг нь “...Би Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1990 оноос хойш ажиллаж байсан. Иш намайг угсралтын трестэд ажиллаж байхад манай нөгөө бригадад ажиллаж байсан. Иш нь нэгдлийн үед барилгын трестэд ажиллаж байхдаа баярын бичиг авч байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Б.Иш нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Ишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жуужан овогтой Батмөнхийн Ишийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Ишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                                      ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА