Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00179

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж,

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, “Батхаан ” газар оршин суух Харчин овогтой Өлзийтийн Чимгээгийн /РД:ЙГ66072208/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Чимгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Чимгээ миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд 1981-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.        

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Чимгээ нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ө.Чимгээ нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 727 дугаартай архивын лавлагааны хуулбарууд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай, 1989 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тушаалуудын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Унхан овогтой Лувсанчүлтэмийн Цэндмаа нь “...Би 1981 онд нэгдэлд ирж ажиллахад Чимгээ нь аав ээжийн хамт малчин байсан. Тэр үед Чимгээ нь тэжээлийн цехэд ажиллаж байсан. Тэжээлийн цехэд ажиллаж байхдаа хийснээрээ цалинждаг байсан. Шагнал урамшуулал авч байсныг сайн мэдэхгүй...” гэж, мөн Очирдайчин овогтой Жанцангийн Дармаабал нь “...Чимгээ нь 1981-1985 он хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1985 оноос хойш нэгдэл тартал “Саруул зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан. Туслах үйлдвэр бол малын тэжээл бэлтгэдэг байсан. “Саруул зам” нэгдэл тарснаас хойш мал маллаж өнөөдрийг хүрсэн ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Ө.Чимгээ нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр  сумын “Саруул зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ө.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогтой Өлзийтийн Чимгээг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр  сумын “Саруул зам” нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Чимгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

                   

                                                        ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА