Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2016/00187

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум,  4 дүгээр багийн хөдөө оршин суух Боржигон овогтой Лхамсүрэнгийн Дүгэрсүрэнгийн /РД:ЙЗ61041701/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Дүгэрсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ :

Л.Дүгэрсүрэн миний бие нь 1987, 1988 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь олдохгүй байгаа тул миний 1987, 1988 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...Л.Дүгэрсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямсүрэн миний бие Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумнд оршин суудаг хол газар байдаг тул намайг байлцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.        

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Дүгэрсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Л.Дүгэрсүрэн  нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны  01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Мөл овогтой Самдангийн Цагаанхүү нь “...Би 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд агротехникчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Л.Дүгэрсүрэн нь 1987 онд  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1988 он хүртэл ажиллаж байсан. Л.Дүгэрсүрэн нь 1983 онд гэр бүл болж байсан юм. Л.Дүгэрсүрэн нь бие муутай хүн байдаг юм. Нэгдэлд их олон жил ажиллаж байгаагүй. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, Мөн Торгууд овогтой Лувсандоржийн Цэдээхүү “...Би 1971 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Л.Дүгэрсүрэн нь 1987 онд  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчин, саальчнаар 1988 он хүртэл ажиллаж байсан. Л.Дүгэрсүрэн нь бие муутай хүн байдаг юм. Нэгдэлд их олон жил ажиллаж байгаагүй. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.                                                                                 Дээрх нотлох баримтуудаар Л.Дүгэрсүрэн нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны  01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямсүрэн нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Л.Дүгэрсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Лхамсүрэнгийн Дүгэрсүрэнг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны  01 дүгээр  сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Дүгэрсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

                                                        ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА