Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 0023

 

 

                                            

 

 

                                            

 

 

 

Б.Оюун-Эрдэнэд холбогдох эрүүгийн

                                                               хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 142/2016/0022/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                      С.Ёндонсамбуу

Цагаатгагдсан этгээд                                  Б.Оюун-Эрдэнэ

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч          Ц.Энхтуяа

           Нарийн бичгийн дарга                                 Г.Ангирмаа нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолтой, Б.Оюун-Эрдэнэд холбогдох 201506000113 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнэ, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Нүүдэлчин групп”-т туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Гачуурт тосгонд түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ФМ78122987 регистрийн дугаартай.

Б.Оюун-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Хартуул овогт Боролзойн Оюун-Эрдэнийг цагаатгаж,

Б.Оюун-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг, шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохын тус тус дурдаж,

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюун-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

     Улсын яллагч эсэргүүцэлдээ “... Хохирогч Хишгээгийн ...мэдүүлгээр Б.Оюун-Эрдэнэ нь хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авах шунахайн сэдэлтээр “5 айлын хашаа барина, зээл чөлөөлнө” гэж хуурамч мэдээллээр төөрөлдүүлсэн байдаг. Ингэж хуурч мэхэлсэн үйлдэл хийсэн болох нь гэрч Ө.Амаржаргалын ... мэдүүлэг /хх-ийн 21/, В.Булганбаатарын ... мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх өөрийн гэм бурууг нотлох үүргээ хүлээгээгүй шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Б.Оюун-Эрдэнэ бусдын эд хөрөнгийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн, үүнийг хохирогч мэдэлгүй мөнгөө шилжүүлсэн байхад, мөн хэрэгт ач холбогдол бүхий байдлыг гэрч В.Булганбаатар, Ж.Амаржаргал нарын мэдүүлгийг үнэлэлгүй шүүгдэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна гэж дүгнэж байна.

... хохирогч Л.Баттуул 4 удаагийн мэдүүлгээ “Б.Оюун-Эрдэнэд найз нөхдийн холбоотой итгээд мөнгөө өгсөн” гэж тууштай мэдүүлсэн байдаг. Яллагдагч Б.Оюун-Эрдэнэ нь найз нөхдийн сайн харилцааг ашиглан 48.440.000 төгрөгийг залилсан нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд гэрч С.Ялалт, Ш.Оюун, С.Сэрчмаа, Л.Сарнайцэцэг нар нь Баттуулыг Оюун-Эрдэнэд мөнгө өгч байсан талаар давхар нотолж мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй байна.

... хохирогч Х.Оюунсайханаас 2 ширхэг гар утсыг мөнгийг нь удахгүй өгнө гэж авсан бөгөөд мөн л танил талын харилцааг ашиглан уг мөнгийг өгөхгүй байх санаа зорилго агуулж, гар утсыг өөртөө авч захиран зарцуулах эрх олж авсан нь тогтоогдсон.

2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар Д.Оюунд 15.246.650 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж, төлбөрт блок, цемент өгч байсан /хх-ийн 26/ бөгөөд Б.Оюун-Эрдэнийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь анхнаасаа биелэгдэх боломжгүй байсныг давхар нотолж байна.

Анхан шатны шүүх Б.Оюун-Эрдэний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлвэл зохино гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Оюун-Эрдэнэ нь бусдын эд хөрөнгийг “хашаа бариад буцааж өгнө, зээл чөлөөлнө, удахгүй өгнө” гэх мэтээр бусдын эд хөрөнгийг авсан, буцаан төлөх эсхүл өөр эд зүйлээр солих ямар ч боломжгүй байхад шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд ... гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн нь жинхэнэ байдалтай нийцээгүй ... үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна ... Иймд ... тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу ...” гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

Б.Оюун-Эрдэнэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь хэрэгт нотолбол зохих асуудлууд болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 80.1.5-д заасан “гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нар нь цаг хугацааны болон хохирлын талаар тус тус зөрүүтэй мэдүүлсэн, тухайлбал хохирогч Г.Хишгээ нь мөрдөн байцаалтын шатанд “... Амаржаргал гэдэг эмэгтэйн дансаар мөнгөө шилжүүлж авсан ... 10 сая төгрөг ирснээс 7.6 сая төгрөгийг Оюун-Эрдэнэд өгсөн...” гэж /хх 15/,

гэрч В.Булганбаатар “... би эхнэртэйгээ утсаар яриад гэрээ хийгээрэй гэж хэлээд 4.5 сая төгрөгийг шилжүүлсэн ... үүнээс хойш 3.1 сая төгрөг шилжүүлсэн...” гэж /хх 20/ тус тус мэдүүлсэн боловч

өөрийн дансаар мөнгө шилжүүлж авч өгсөн гэх гэрч Ө.Амаржаргал нь “...2014.06.23-ны өдөр ... В.Булганбаатар гэдэг хүнээс 4.850.000 төгрөгийг шилжүүлж авсан...Г.Хишгээ гэдэг эмэгтэй Оюун-Эрдэнэтэй цуг явж байсан...2014.06.25-ны өдөр дахиад 4.800.000 төгрөг шилжүүлээд авсан ... шилжиж ирсэн мөнгийг нь Оюун-Эрдэнэд өгсөн...” гэж /хх 21/ мэдүүлжээ.

Мөн хохирогч Л.Баттуул өргөдөл болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Оюун-Эрдэнэ, Оюунтуяа нарт нийтдээ 59.000.000 төгрөг зээлүүлсэн...” гэж /хх 97, 104/,

иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ “... нийлээд 59 сая 70 мянган төгрөг болсон байгаа, үүнийгээ нэхэмжилж байна ... ” гэж /хх 106/, хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...Б.Оюун-Эрдэнээс 48.650.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм...” гэж /хх 195/ зөрүүтэй мэдүүлсэн байхад

гэрч Б.Оюунтуяа нь “... би 2011 онд Баттуул гэдэг хүнээс 10 сая төгрөг зээлсэн...сар бүрийн хүүг нь төлж байгаад 2013.07.08-ны өдөр эгч Лхагваас мөнгө аваад Баттуулд хүүтэй цуг төлж өгсөн юм...” гэж /хх 112, 143/,

тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаахад Л.Баттуул нь “...2015.07.18-ны өдөр Оюун-Эрдэнэ, Оюунтуяа нарт зээлдүүлсэн... ”  /хх 194/ гэжээ.

Мөн гэрч Ш.Оюун, Л.Сарнайцэцэг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт /хх 442, 445/ хэргийн талаар мэдүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 135, 138/-ээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

Иймд дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж, хохирогч Г.Хишгээ, Л.Баттуул нарт учирсан гэх хохирлын хэмжээг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хохирогч Г.Хишгээ, Х.Оюунсайхан, Б.Алтанцоож нарт хэргийн материалыг танилцуулалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.8, 212 дугаар зүйлийн 212.1. 212.2-т заасныг тус тус зөрчсөнөөс гадна.

хавтаст хэрэгт авагдсан дээрхи өөр хоорондоо зөрүүтэй баримтуудыг үндэслэн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “... 2012 оноос 2013 оны хооронд хохирогч Л.Баттуулаас удаа дараагийн үйлдлээр нийт 48 сая 440 мянган төгрөг залилан мэхэлж хохирол учруулсан ...” гэсэн, мөн яллах дүгнэлтийн хавсралтад “... Л.Баттуулд 49.440.000 төгрөг...” гэж хохирлын хэмжээг зөрүүтэй бичсэн нь ойлгомжгүй байна.

Дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх зөрчлүүдийг арилгасны дараа Б.Оюун-Эрдэний гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч, гэрч нар нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгавал зохино.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо мөрдөн байцаагч, прокурор тогтоол, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах атал анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.Баттуул, Ш.Оюун нарын хийсэн итгэмжлэлээр Ш.Оюуныг шүүх хуралдаанд “хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” хэмээн оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг тус тус зөрчсөнийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх Б.Оюун-Эрдэний гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул улсын яллагчийн эсэргүүцлийг шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Орхон аймгийн прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Б.Оюун-Эрдэнэд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурьдсугай.

 

     

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧИД                                               З.ХОСБАЯР        

                                                                                                  С.УРАНЧИМЭГ