Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0193

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл 1 дүгээр баг, 3 дугаар байрны 62 тоотод оршин суух Алаг адуун овгийн Хүрэлтогтохын Эрдэм-Оргил /РД:ЧН82072001 /-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд Хөтөлийн Сум Дундын Эмнэлэгт Дотрын эмчээр ажилд орсон. Миний эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 03 сарын 16-ны өдөр дууссан байсан тул би зохих журмын дагуу Улаанбаатар хотод Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2016 оны 04 сарын 05-ны өдөр шалгалтаа амжилттай өгсөн. Миний нуруу хөлрүү байнга өвдөөд хэтэрхий зовиуртай байсан болохоор улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр Соронзон Резонанст Томографи шинжилгээг нуруундаа хийлгэхээр дугаарлаж зогсох үеэр Ерөнхий эмч Ц.Гиймаа утсаар надруу ярьсан. Тэр үед би шалгалтандаа тэнцсэн тухайгаа хэлсэн. Намайг ажлаас чөлөө авах өргөдөл бичиж өгөхийг шаардахаар нь би нуруу өвдөөд зовиуртай байна, акт аваад нуруугаа эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Маргааш нь буюу 04 сарын 06-ны өдөр өөрийн биеэр ажил дээрээ ирж уулзахад Ерөнхий эмч маань тусгай зөвшөөрлөө заавал биетээр нь авчирсны дараа ажиллуулна гэсэн утгатай зүйл хэлсэн. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн Дарьсүрэнтэй утсаар ярьж асуухад шалгалтандаа тэнцсэн юм чинь ажиллаж болно гэсэн. Намайг эмчлэх эрхгүй гэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би дөнгөж сургууль төгсөөд анх удаа лецензийн шалгалтанд орж байгаа эмч биш 10 гаруй жил ажиллаж байгаа урьд өмнө нь тусгай зөвшөөрөлтэй байсан үүнийг Ерөнхий эмч сайн мэдэж байгаа.  Тусгай зөвшөөрөл албажиж гартал сарын хугацаа шаарддаг тул миний бие өвдөөд байна, Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэсэн чинь бүсэлхий нурууны 4-5, бүсэлхий ууцны үе хоорондын диск хагарч нугасруугаа том хэмжээний ивэрхий үүсгэн цүлхийсэн, нугасны хажуу талын мэдрэлийн ёзоор руугаа шахсан, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай, мэс заслын эмчилгээ хийлгэх ч магадлалтай байгаа юм чинь эмчилгээгээ хийлгээд ирье гэж Ерөнхий эмчдээ хэлсэн. Энэ  үед Ерөнхий эмч маань ном гаргаж ирээд 13А маягтаа өрхийн эмчээсээ аваад очсон газраасаа листээ авах талаар уншиж өгөөд Гэмтлийн эмнэлгээс листээ авах ёстойг надад сануулаад эмчилгээгээ сайн хийлгээрэй гээд өрөөнөөсөө гаргасан. Би Аюуш эмчээс Эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаа аваад эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар явсан. Намайг Улаанбаатар хотод эмчлүүлж байхад 2016 оны 04 сарын 08-ны өдөр Ерөнхий эмч Гиймаа утасдаж актаа авчирч өг гэсэн. Би актаа Тендерийн машинаар өгөөд явуулъя гээд ярьсан чинь манай дээр аудитын шалгалт ирсэн. Би чамайг 04 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалсан, Би ажлаас халагдсан тушаалаа 04 сарын 11-ний өдөр гардаж авсан. Намайг өвчтэй байх хугацаанд ажлаас захиргааны санаачлагаар халсан нь ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар хуульчилсан хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Хадам аав өвчний улмаас 2016 оны 05 сарын 06-ны өдөр нас барж ажил явдалтай байсан тул шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн болохоо тайлбарлаж байна. Үндсэн цалин 563.005, Хөдөө орон нутгийн нэмгэдэл 92.600 төгрөг, сард 4 удаа жижүүрт гардаг тул илүү цагийн цалин 300.000 төгрөг, Нийт 955.000 төгрөгийн 4-р сарын цалин, 5-р сарын цалин үүнтэй ойролцоо бодогдоно гэжээ.

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгийн Ерөнхий эмч Ц.Гиймаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн иргэн Х.Эрдэм-Оргилын нэхэмжлэлийн дагуу дараахь тайлбарыг хийж байна. Их эмч Х.Эрдэм-Оргилын эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1-д “ Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй”, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ЭМССайдын 98 тоот тушаалын дагуу “Зөвшөөрөл хүчингүй болсон эмнэлэгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвшөөрөл олгосныг нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна” гэж заасны дагуу Х.Эрдэм-Оргил эмчийн ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө тухайн үед ажиллаж байсан Хишигт эмчид өөрийн биеэр дотор, хүүхдийн тасгийн өвчтнүүдийг цуг явж хүлээлцүүлж, чөлөө авч эмчлэх эрхийн зөвшөөрлийг авч ирэх шаардлагыг тавьсан. Албан ёсоор ажил хүлээлцсэн. Өөрөө хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлгийн мэргэжилтэн өөрөө мэргэжлийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг дуусахаас өмнө жил бүр 6 багц цагийг биелүүлэх, эсвэл шалгалтанд орж тасралтгүй сунгуулах ёстой байдаг ба багц цаг биелүүлсэн бол хугацаа дуусахаас 2 сарын өмнө материалаа бүрдүүлж, ЭМГ-ын мэргэжилтэнд хүргүүлэх, багц цаг биелүүлээгүй бол шалгалтанд орж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дууссан өдрөөс үргэлжлүүлэн тасрахгүйгээр сунгуулсан байх ёстой байдаг. Зөвшөөрлийн гэрчилгээгүй хүн ажиллуулсан албан тушаалтан хариуцлага хүлээдэг журам байдаг бөгөөд аймгийн эрүүл мэндийн газар мэргэжлийн хяналтын газар үүнд тогтмол хяналт тавьж ажилладаг. Х.Эрдэм-Оргил эмч 2015 оны 09 дүгээр сараас 03 сарын хугацаагаар чөлөө авч хувийн ажлаар гадаад руу явж байгаад чөлөөний хугацаа хэтрүүлэн ажил тасалж дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчиж яваад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирэхэд нь ямар ч арга хэмжээ тооцоогүй. Өөртэй нь ярилцан боломж олгож эргүүлэн түр хугацаагаар ажлын байраар хангасан байсан юм. Ажилд орсон үеэс нь хүний нөөцийн мэргэжилтэн болон би өөрөө эмчлэх эрхийн хугацаа дуусахаас өмнө зөвшөөрлөө сунгуулах талаар байнга сануулж шаардаж байсан. Жил бүр багц цагийг заавал биелүүлэх нь төгсөлтийн дараахь  сургалтанд тасралтгүй хамрагдаж өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилготой эмнэлгийн мэргэжилтэн бүрийн үүрэг байдаг ба Х.Эрдэм-Оргил нь энэхүү үүргээ биелүүлэхгүй 5 жил дараалан багц цагаа биелүүлээгүй, мэдлэг чадвараа дээшлүүлэх тал дээр хариуцлагагүй хандаж ирсэн юм билээ. Иймээс заавал шалгалтанд орох шаардлагатай болсон юм. Эрдэм-Оргил өөрөө дээд боловсролтой, 6 жил ажилласан эмч хүн байж зөвшөөрлийн хугацаа дууссан бол ажиллаж болохгүйг мэдэж байгаа, дуусахаас өмнө сунгуулах ёстой, шалгалт өгөөд зөвшөөрлийн гэрчилгээ хэдий хугацаанд гардгийг ч мэдэж байгаа мөртлөө үл ойшоож хариуцлагагүй байдлаар хандаж байсан. Дотоод журмын дагуу эмч ажиллагсад хэн ч байсан 1 хоногийн чөлөөг ч бичгээр авч хүний нөөцөд бүртгүүлж удирлагад танилцуулан цохолт хийлгэж цаг бүртгэлд өгч бүртгүүлдэг. Шалгалтанд явахдаа байгууллагын дотоод журмын дагуу албан ёсны чөлөөгөө бичгээр аваарай гэж сануулахад эмчилгээ хийлгэнэ, акт авна, энэ хугацаандаа цалингаа тасалмааргүй байна гээд чөлөөгөө аваагүй явсан. Гэсэн атлаа өвчтэйг нотлох магадлагаа, өвчний карт, эмчийн тодорхойлолт авчраагүй, шалгалтанд тэнцсэн гэх боловч ямар ч баримтгүй ажилдаа орно гэж 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн биеэр ирсэн. Гэтэл шүүхэд бүрдүүлж өгсөн баримтыг үзэхэд  2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 28 хоногийн акт авсан байгаа нь ажилдаа орно гэсэн үгтэй нь зөрж байгаа нь тухайн баримтыг үнэн эсэхэд эргэлзэх байдалд хүргэж байна. Шалгалт өгөх хугацаандаа шинжилгээ өгөх эмчлүүлсэн эсэхийг би үгүйсгээгүй сайн эмчлүүлээд ирээрэй гэсэн. Магадлагаанаас гадна бүрдүүлж өгсөн бусад баримтууд манай байгууллагын хүний нөөц болон цаг бүртгэгч, нягтланд ирээгүй, үзүүлээ ч үгүй баримтууд байгаа нь байгууллагаа үл ойшоосон байдлаар хандаж ёс зүйгүй байдал гаргасан гэж үзэж байна. Би Эрдэм-Оргилд чи өвчтэй бол магадлагаагаа, шалгалтандаа орох гэж байгаа юм бол чөлөө ав, манайд аудитын шалгалт ирсэн байнаа гэж утсаар хэлсэн. Ингээд 4 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа оръё гээд эргээд ирэхэд нь “Зөвшөөрлийн гэрчилгээгээ авчирч байж ажилдаа ор” гэсэн, тухайн үед шалгалтанд тэнцсэн гэсэн баримт авчраагүй байсан. Шүүхэд бүрдүүлж өгсөн баримтын огноог харахад сүүлд 4-р сарын 21-ний өдөр авсан баримт байсан. Тухайн үед сумын хэмжээнд амьсгалын замын халдварт улаанбурхан, томуу томуу төст өвчин дэгдэж өвчлөл ихтэй, онцгой байдалтай, эмч хүрэлцэхгүй ачаалал ихтэй байсан. Тухайлбал их эмч Г.Рэнцэнлхам дотор, хүүхэд, халдвартын 3 тасгийн дунд ажиллаж байсныг нотолно. Сэлэнгэ аймгийн ЭМГазарт эмч нар хүрэлцэхгүй мэргэжилтнээр хангаж өгөөч гэдэг хүсэлтийг ч тавьж байсан. Х.Эрдэм-Оргилыг эмчлэх эрхгүй, шалтгаангүй ажил тасалж алга болсон учир 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал гаргасан энэ тухайгаа өөрт нь утсаар хэлсэн Эмчлэх эрх байхгүй, ажил тасалж алга болсон учраас дотоод журмын 11.1.2, 11.1.3-ын c g I –д заасныг баримтлан ажлаас халсан болно. Өмнө нь 3 сарын чөлөөний хугацаа хэтрүүлж байсан, одоо албан ёсоор чөлөө зөвшөөрөл авалгүй ажил тасалж явсан зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байна. Эрдэм-Оргил нь 4-р сарын 08-наас хойш надтай холбогдоогүй 4-р сарын 11-нд ирж ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авсан гэх боловч надтай уулзаагүй. Эрдэм-Оргилын шүүхэд бүрдүүлж өгсөн материалтай танилцахад тэнцсэн гэсэн ЭМХТөвийн бичиг, эмнэлэгийн хуудас, хадам аавыгаа асарсан гэх бичгүүдийг хавсаргасныг тэнд анх удаа үзэж танилцсан. Яагаад тухайн үед баримтуудаа өгч танилцуулаагүй байж шүүхэд материал бүрдүүлж өгснийг гайхаж байна. Амаар ярьсан зүйлийг баримт гэж үзээгүй бөгөөд баримтаа өгөхийг тухай бүр шаардаж байсан. Ер нь энэ хүн бол жирийн нэг хүн биш дээд боловсролтой хүний амь насыг хариуцан ажилладаг эмч хүн байж ийм ёс зүйгүй, хариуцлагагүй хандаж байгаад харамсаж байна. Өмнө нь ч гэсэн ёс зүйн зөрчил гаргаж байсан юм байна лээ. Би Ерөнхий эмчийн хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргил, нөгөө талаас хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын нэгдсэн эмнэлэгийн Ерөнхий эмч Ц.Гиймаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн анхны шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлагын зарим хэсэг болох ажилгүй байсан хугацаа цалин нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлагаасаа татгалзаж, ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардаж нэхэмжилсэнийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Сум дундын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Ц.Гиймаа хүлээн зөвшөөрөв гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргил нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид ажил эгүүлэн тогтоолгох шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

   Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

   Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум сум дундын эмнэлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

    ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргил, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэгийн Ерөнхий эмч Ц.Гиймаа нар нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлэг нь нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргилыг  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эмнэлгийн эмчийн ажилд авахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Эрдэм-Оргил нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум сум дундын эмнэлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.      

    3. Хариуцагч байгууллага үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

              ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР