Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00193

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх баг, “Сүүжийн адаг” гэх газар оршин суух, Жамсрангийн Насанбатад холбогдох 292.500 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Өлийн 05-07 тоотод оршин суух, Аюурзаны Энхтуяагийн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Энтуяа надаас 2013 оны 04 дүгээр сард Ж.Насанбат 292.500 төгрөгийн бараа буюу бэлэн хувцас аваад одоог хүртэл өгөөгүй байгаа тул Ж.Насанбатаас 292.500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ж.Насанбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...2013 оны 04 дүгээр сард миний бие Ж.Насанбат А.Энхтуяагаас бараа болон бэлэн хувцас 1 ширхэг-150.000, өвлийн куртик 1 ширхэг-50.000 үлдсэн 92500 төгрөгөнд нь өмд, цамц, дотуур хувцас авсан үнэн болно. Иймд Ж.Энхтуяагийн нэхэмжилж байгаа 292500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин миний бие нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгаа тул 08 дугаар сарын 20-нд 146250 төгрөг, үлдсэн 146250 төгрөгийг 09 дүгээр сарын 20-нд төлөх боломжтой байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Энхтуяа нь хариуцагч Ж.Насанбатаас 292.500 төгрөг гаргуулахыг нэхэмжилснийг хариуцагч Ж.Насанбат төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 292.500 төгрөг /хоёр зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Ж.Насанбат төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Насанбатаас 4715, орон нутгийн төсвийн орлогоос 4715 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Энхтуяад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9430 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА