Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00197

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 4 дүгээр баг, “Ар хөшөөт” гэх газар оршин суух Түвдэн овогтой Норолхын Зандбазарын /РД:ЙЕ55122017/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Зандбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Зандбазар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Зандбазар миний бие нь 1981-1992 онуудад Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажилласан. Энэ хугацаанд  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Зандбазар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Н.Зандбазар нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар   сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 980 дугаартай архивын лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Их монгол овогтой Лувсанжанцангийн Ганхуяг нь “...Би 1979 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд “Улаан туг” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Зандбазар нь 1981-1992 он хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд “Улаан туг” нэгдэлд  малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хийснээрээ цалин авч байсан.Шагнал урамшуулал авч байгаагүй..” гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Н.Зандбазар нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Зандбазарын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Түвдэн овогтой Норолхын Зандбазарыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд  сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Зандбазарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

                                                     ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА