Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 213

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Баасанбатад холбогдох гэм хорын хохирол 12.490.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Цагдаагийн гудамж 2-31 тоотод оршин суух Боржигон овогт Жанцангийн Мөнхбат /РД:ВТ881201116/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2013 оны 05 дугаар сараас "Улаанбаатар такси" ХХК-д жолоочоор орж ажилласан. Ингээд 14-22 УНС улсын дугаартай Хьюндай Элентра маркийн машиныг түрээсийн гэрээний үндсэн дээр хүлээн авч ажиллаж байсан. Уг машинаар Улаанбаатар хотод хүн тээврийн үйлчилгээнд явж байгаад манай аавынх Замын-Үүд суманд байдаг тул 2013 оны 12 дугаар сард ирсэн байсан. Энэ үед миний машины хаалга сэвтсэн тул янзлуулах гээд Улаанбатар хот явах шаардлагатай болсон. Тэр үед манай аавын дүүгийн хүү Г.Баасанбат хот явах ажилтай байсан тул түүнд жолоогоо шилжүүлж , машинаа өгөөд, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүдээс явуулсан. Гэтэл замдаа Говьсүмбэр аймгийн Баян тал сумын нутагт урдаа явсан машиныг мөргөж, автын осол гаргасан байсан. Би хэдийгээр "Улаанбаатар такси ХХК-ний машиныг эзэмшиж байсан ч жолоогоо хүнд шилжүүлсэн тул хохирлыг би хариуцахаар гэрээнд заасан тул бүх хохирлыг надаас гаргуулж нийт 12.490.100 төгрөгийг төлөхөөр шүүх шийдвэрлэсэн. Харин жолоо барьж яваад осол гаргасан Баасанбатаас хохирол огт гаргуулаагүй. Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч надаас хохирогч Уламбаярын эмчилгээний зардал 642.300 төгрөг, Мөнхцэцэгийн эмчилгээний зардал 433.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ах дүү Сангё ХХК-ний авто машины төлбөр 7.567.500 төгрөг, Улаанбаатар Такси транс сервис ХХК-ний машины хохирол 3.847.000 төгрөгийг төлж барагдуулахаар шийдсэн. Би тухайн үед учрыг нь ойлгоогүйгээс уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл надаас мөнгө төл гээд Улаанбаатар хотын шийдвэр гүйцэтгэлээс шаардаад байсан. Тэр үед нь хохирогч Мөнхцэцэгт 420.000 төгрөгийг төлсөн. Би Замын- Үүд суманд амьдардаг, гэтэл шийдвэр гүйцэтгэлийн материалыг Замын-Үүд сум дахь ШШГА-д ирүүлсэн байсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн төлөлт хийсэн 2015 оны эхний хагаст багтаагаад, Уламбаярын 642.300 төгрөгийг төлж дуусгасан. Харин иргэний нэхэмжлэгч "Ах дүү Сангё" ХХК-ний машины төлбөрөөс 2015 оны 07 дугаар сараас эхлэн 7 сард 200.000, 8 сард 200.000, 9,10, 11, 12 дугаар сард тус бүр 100.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 642.300 төгрөг 3,4,5-р саруудад тус бүр 100.000 төгрөг төлөөд, шүүхийн зардалд 80.000 төгрөг одоогийн байдлаар нийт 2.882.300 төгрөгийн зардал төлөгдсөн. Хэрэг гарах үед Г.Баасанбат машиныг жолоодож яваад дээрх гэм хорын хохирлыг учруулсан. Миний хувьд өөрийн ямар ч буруугүй боловч , машины эзэмшигч учир бүх хохирлыг төлүүлэхээр шүүх шийдсэн. Гэсэн хэдий ч эхний удаа надаас төлбөр гаргуулж би төлбөр төлсөн ч Иргэний хуульд зааснаар Г.Баасанбатаас төлсөн, төлөөгүй хохирлоо нэхэмжлэх эрх байх ёстой гэж бодож, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед би өөрийн буруугаас жолоо шилжүүлсэн тул "Улаанбаатар такси Транс сервис" ХХК-ний машины хохирлыг төлнө гэдгээ хэлсэн. Харин бусад хохирогч нарын хохирлыг надаас гаргуулахгүй байх гэж бодож байтал бүх хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн. Г.Баасанбатын болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан тул хохирлыг арилгах үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-д зааснаар Г.Баасанбатаас гэм хорын хохирол төлсөн 2.897.900 төгрөгийг гаргуулж надад олгох, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлоос үлдсэн 5.805.200 төгрөгийг гаргуулж хохирогч "Ах дүү Сангё" ХХК-д, 3.847.000 төгрөгийг "Улаанбаатар такси Транс" ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, тусгаар тогтнолын 11 тотод оршин суух, Замын-Үүд Өртөөнд туслах найруулагч ажилтай, Хуяг овогт Ганбаатарын Баасанбат /РД: ВТ90091411/ шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй танилцан татгалзсан хариу тайлбар гаргаж байна. Ж.Мөнхбат нь надтай найрсаг хандаагүй байнга муухай ааш гаргаж загнаж занасан байдалтай харьцдаг байсан. Тухайн шийдвэр гарсны дараа би Мөнхбатад уван цувуугаар 450.000 төгрөг өгсөн. Мөнхбат миний өөрийн эзэмшлийн 46-36 ДГА 469 маркийн машиныг гэрийн гаднаас хэлэх ч үгүй аваад одоо хүртэл буцааж өгөөгүй. Тухайн үед Мөнхбат намайг завгүй машинаа янзалж байхад Мөнхбат ээжтэйгээ цуг хот яваад өгөөч гэж гуйсаар байгаад явуулсан. Тухайн үеийн нөхцөл байдлын үед надад хэцүү байсан. Би банкинд цалингийн зээлтэй байсан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Зохигчдоос 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Мөнхбат миний бие нь хариуцагч Г.Баасанбаттай харилцан ярилцаж, тохиролцож дараах байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.Мөнхбат би 12.490.100 төгрөг нэхэмжилснээс 6.245.050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч Г.Баасанбат нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.245.050 төгрөгийг 2016 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-нд 100.000 төгрөгөөр төлж дуусгахаар тус тус тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ж.Мөнхбат нь хариуцагч Г.Баасанбатаас гэм хорын хохирол 12.490.100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Г.Баасанбат нь  Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 2014 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 14-22 УНС улсын дугаартай Хьюндей Элентра маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас нэхэмжлэгч Ж.Мөнхбатаас гэм хорын нийт 12.490.100 төгрөгийг гаргуулж, уг хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн болох нь Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч Г.Баасанбат нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.245.050 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-нд 100.000 төгрөгөөр төлж барагдуулах, нэхэмжлэгч Ж.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.245.050 төгрөгөөс татгалзсан тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Баасанбатад холбогдох гэм хорын хохирол 12.490.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6.245.050 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Баасанбат 6.245.050 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Ж.Мөнхбат 6.245.050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 214.792 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Баасанбатаас 6.245.050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 114.872 төгрөгийн 50 хувь болох 57.436  төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Э.БОЛОРМАА