Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч Э.Болормаа, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг,  Амарын 1-19 тоотод оршин суух, Мөнх Бат Чулуун Сүрэн ХХК-ний захирал ажилтай, Тайж нар овогт Батзанын Батмөнхийн /РД: ШЖ78041415/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нарны 4-11 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ногоонтон овогт Чунагийн Гүрбазар /РД: ЧИ66122911/

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нарны 4-11 тоотод оршин суух Боржигон овогт Агваандашийн Энхцэцэг нарт холбогдох гэм хорын хохирол 2,000,000 төгрөг, хариуцагч нарын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 400,000 төгрөг, 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 350 ширхэг блок гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагч Ч.Гүрбазар, иргэдийн төлөөлөгч Ц.Гантөмөр, гэрч Г.Амгаланбаатар, Н.Гэрэлт-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүрбазараас 2014-11-02-нд 2015-05-02-ныг хүртэл 6 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг 10% хүүтэй зээлж авсан. Ч.Гүрбазарт 2015-06-29-нд 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн 2015-10-р сард 350 ш хөнгөн блокыг ширхэгийг нь 5000 төгрөгөөр бодож нийт 1,750,000 төгрөгийг тооцон хасуулж 2016-12-25-нд 6,250,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байсан боловч Ч.Гүрбазар 2016-05-02-нд Замын-Үүд сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 350 ш блокыг чанарын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар тооцоонд оруулахгүй гэсэн бөгөөд уг зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхдээ 350 ширхэг блокийг оруулж тооцоогүй тул 1,750,000 төгрөгийн 350 ширхэг блокийг гаргуулах. Мөн 2015-12 сард Ч.Гүрбазар нь өөрийн хашаандаа шланз машинаар нүүрс буулгаад гарахдаа миний эзэмшлийн Замын-Үүд сум 3-р баг Нарны 4-10 тоот газарт байрлах блокон байшингийн торхыг мөргөн нурааж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул түүнийг нэхэмжилж байна. Мөн харуицагч нар нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлмөөр байна,  компанидаа ажилладаг гэдэг үндэслэлээр нийгмийн даатгалаа төлье гэсэн юм. Ингээд би зөвшөөрч 2016-01 сараас 2016-04 сар хүртэл Ч.Гүрбазар А.Энхцэцэг нарт манай компаны нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл 400,000 төгрөг ноогдсоныг би төлсөн юм. Нэг хүнд сард 50,000 төгрөг, 2 хүнийх 100,000 төгрөг гээд 4 сарын шимтгэл нь 400,000 төгрөг болсон юм. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй хувьд гэвэл дараа нь болох асуудал шүү дээ. Иймд нийгмийн даатгалын шимтгэлд төлсн 400,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Гүрбазар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батмөнх нь 2014 оны 11 сард надаас 5,000,000 төгрөгийг хүүтэй зээлсэн байсан бөгөөд зээлээ буцаан төлөөгүй учир миний бие нь 2016 оны 05 сард шүүхэд нийтдээ 17,125,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд бид 9,000,000 төгрөгт эвлэрэн хэргийг шийдвэрлүүлсэн юм. Энэ үед 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 350 ширхэг блокийг тооцуулсан юм. Иймд энэ блокийг би буцаан төлөх үндэслэлгүй юм. Мөн 2015 оны өвөл би өөрийн хашаандаа нүүрс аваачиж буулгуулсан ба энэ үед би өөрөө машин барьж яваагүй. Нүүрс буулгах машин жолоодож явсан хүн блокон байшингийн торхыг нь мөргөөд нураачихсан. Тухайн үед нь би тэр хүний утсыг  Батмөнхөд олж өгч байсан. Тэр жолоочоор би хөлсийг нь өгч машинаа бариулсан байсан юм. Энэ 2,000,000 төгрөгийн асуудлыг би хариуцахгүй юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд гэвэл эдний компанийн нэр дээр шимтгэл төлье гэсэн боловч бидний өмнөөс төлсөн эсэхийг мэдэхгүй, бидний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй. Иймд бичилт хийж тамга тэмдгээр баталгаажуулсан тохиолдолд төлнө гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч Ч.Гүрбазар, А.Энхцэцэг нарт холбогдуулан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг, 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 350 ширхэг хөнгөн блок, хариуцагч нарын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 400,000 төгрөг зэргийг  тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, 350 ширхэг блокийг зээлийн асуудал шийдвэрлүүлэхэд оруулан тооцуулсан, нийгмийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийж, баталгаажуулаагүй тул төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

1.Нэхэмжлэгч Б.Батмөнх нь 2015 оны 12 сард хариуцагч Ч.Гүрбазарыг Замын-Үүд сум 3-р баг Нарны 4-10 тоот газарт байрлах өөрийн өмчлөлийн блокон байшингийн торхыг мөргөн нурааж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж шаарддаг бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Ч.Гүрбазар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед хариуцагч Ч.Гүрбазар нь өөрийн хашаандаа нүүрс буулгуулахаар хөлсний жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулан явсан болох нь хариуцагчийн тайлбар болон гэрч Г.Амгаланбаатарын шүүх хуралдаанд өгсөн “ би төр өдөр машин дээр ачигдсан нүүрсийг буулгасан ба тэр үед Гүрбазар машин жолоодоогүй өөр хүн барьж байсан, би тэр хүнийг нь танихгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Гэрэлд-Одын шүүх хуралдаанд өгсөн “ би нүүрс буулгасан юм. Тэр үед машин жолоодож явсан хүн нүүрс буулгасан дараа баруун тийшээ эргээд гарахдаа блокон байшинг нураасан.  Гүрбазар ах машин жолоодоогүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэм хорын хохирол 2,000,000 төгрөг нэхэмжлэхдээ нэхэмжлэлийнхээ үндэслэл болж буй нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нурсан гэх блокон байшинг ямар нотлох баримт үндэслэн 2,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн тодорхойгүй байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Гүрбазар, А.Энхцэцэг нарын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 400,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтээр өөрийн Мөнх Бат Чулуун Сүрэн ХХК-нд хариуцагч нарыг ажилладаг гэж нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 01 сараас эхлэн 2016 оны 04 сарыг дуустал төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хх-ийн 27-30 дугаар хуудсанд авагдсан Мөнх Бат Чулуун Сүрэн ХХК-нд ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн  ногдуулалтын баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн энэхүү баримтын 30 дугаар хуудсанд өгсөн баримт нь Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй тул үнэлэх боломжгүй байна. Иймд 27-29 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримтыг үнэлж 300,000 төгрөгийг хангаж, 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч нь 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 350 ширхэг блок гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нь уг 350 ширхэг блокийг тус шүүхээр  17,1250,000 төгрөгийн зээлийн төлбөр шийдвэрлүүлэхэд тооцуулан шийдвэрлүүлсэн тул төлөх үндэслэлгүй гэж маргадаг бөгөөд хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн тус шүүхийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 160 тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбараас үзэхэд 350 блокийг зээлийн үүрэгт оруулан тооцож шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь энэ талаар шаардлага гаргах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэгч Б.Батмөнх нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй буюу 350 ширхэг блокийг 1,750,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргахдаа ямар баримт үндэслэсэн нь тодорхойгүй, 1 ширхэг блокны зах зээлийн бодит үнэ, ханшийг тодорхойлсон нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Гүрбазар, А.Энхцэцэг нараас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,850,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн дааталын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар хариуцагч Б.Гүрбазар, А.Энхцэцэг нараас 300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,850,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9650  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                        А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧИД                                         Э.БОЛОРМАА

                                                            Л.БАТЖАРГАЛ