Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2016/00213

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Хангай овгийн Цэрэндоржийн Чинбат /РД: ЙБ56062118/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтэдээ:  “...Ц.Чинбат миний бие нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр тухайн үед буруу тамга дарсны улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Өвөрхангай аймгийн “Батзам” нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү ...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Чинбат нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Чинбат нь 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №297 тоот Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч М.Ганбаатар, Д.Мягмар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хангай овгийн Цэрэндоржийн Чинбаыг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

         

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН