Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00217

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багт оршин суух, Ламзав овгийн Гунгаанямбуугийн Амаржаргалын /РД: ЙЕ85050516/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Амаржаргал, хариуцагч Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бүрд сумын 5 дугаар багийн иргэн Гунгаанямбуугийн Амаржаргал миний бие 2011 оны 11 дүгээр сарын 3-нд сумын ИТХ-н даргын жолоочийн ажилд орж 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1 жилийн чөлөө авч эхнэрийнхээ биеийг эмчлүүлэхээр Улаанбаатар хот явсан. Чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэсэн боловч ажлаас халсан гээд авахгүй байхаар нь 2015 оны 4 дүгээр сард Сум дундын 18 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоол, шийдвэрүүдийг тус тус гарч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд эргүүлэн авсан боловч машин хүлээлгэж өгөөгүй. Ажиллах нөхцөл боломжоор хангахгүй байсан учраас ойр зуурын шавар, шорооны ажлуудыг хийж байсан. ЗДТГазрын жолооч Ц.Цогбадрахын хамт худаг барих ажил, дараа нь ЗДТГазрын 2 давхарт 2 өрөөний ханыг нураах зэрэг ажлуудыг хийж байсан. Сумын ИТХ-н дарга Д.Алтанцэцэг нь сумын засаг дарга, орлогч дарга нарын шаардлагын дагуу 2015 оны 12 дугаар сарын 6-нд машин өгч 2015 оны 12 дугаар сарын 7-нд Их боригдой 2 дугаар багт жилийн эцсийн мал тооллогоор сумын засаг дарга, багийн засаг дарга, багийн эмч, Хаан банкны ахлах теллер нарын хамт явж ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дарга Д.Алтанцэцэг хийсэн ажлынхаа илтгэх хуудас бичиж өг гэсэн. Үүний дагуу илтгэх хуудас бичиж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 05-нд хөдөлмөрийн гэрээгээ аваад ир гэхээр нь гэрээгээ авч ороход чамайг ажлаас халлаа машинаа аваад ир гэсэн. Машинаа авчираад түлхүүрийг нь жолооч Батболдод хүлээлгэн өгсөн. Машин хүлээлцэхэд ажлын хэсгийнхэн гарч хүлээлцээгүй. Иймд намайг ажиллах үндэс нөхцөл боломжоор хангахгүй байсаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нөхцөл байдлыг харгалзан намайг ажилд эргүүлэн оруулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин болох  2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 7 сарын цалин 2.835.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан” гэв.

Хариуцагч Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бүрд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Д.Алтанцэцэг миний бие үүрэгт ажлынхаа хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 03-нд Г.Амаржаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочийн ажилд авч ажлуулсан билээ. Ажлуулсан хугацаанд Г.Амаржаргал нь хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандан, албан шаардлагыг хүлээн авч байгаагүй. Машины бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж чадаагүй. Ингээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаныхан дотооддоо хуралдаж Г.Амаржаргалын чөлөөтэй байх хугацаанд ажилласан жолооч энэ машиныг сул зогсолтгүй ажиллаж чадвал Г.Амаржаргалыг эргэж ажлуулахгүй гэсэн болзол тавьж Г.Амаржаргал, Г.Батболд, нягтлан бодогч Д.Балжинням, Б.Туулмаа /ИТХ-ын нарийн бичиг/, байлцуулан тэмдэглэл хөтлүүлэн гарын үсэг зуруулж баримтжуулсан байсан. Г.Амаржаргал нь машин хүлээлгэж өгөхдөө заасан хугацаанд хүлээлгэж өгөхгүй шаардлагыг хүлээн авахгүй даргынхаа өөдөөс сөргөлдөж машины сул зогссон нь надтай холбоотой, сэлбэг авч өгдөггүй мэтээр маргалдсан. Хэсгийн төлөөлөгч Хашчулууныг дуудан машиныг хашаанд тавиулсан. Эргээд ажилдаа орохгүй юм шиг ааш авир гаргасан. 2 жанам шатааж байгууллагад хохирол учруулсан. Түүний оронд ажилласан С.Батболд машины бүрэн бүтэн байдлыг хангаж нэг ч удаа сул зогсолтгүй ажилласан. Үүнийг сумын иргэд хамт ажиллаж байгаа хүмүүс бүгд мэднэ. Ийм байдлыг харгалзан Г.Амаржаргалыг буцааж ажилдаа орох гэхэд энэ бүх байдлыг танилцуулж, ажлын шалгуур шаардлагыг хангаж чадаагүй учраас буцааж ажилд авахгүй гэдгийг мэдэгдсэн. Г.Амаржаргал нь өөрийн хариуцлагагүй байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бүх бурууг бусдад тохдог. Ар гэрийнхэн нь аав, эгч, эхнэр бүгд уулзсан. Би энэ асуудлыг шийдэхдээ жолоочийн буруугаас автомашин 2 жил гаруй сул зогссон. Тиймээс хариуцлагаа хүлээж сурахыг сануулж итгэл найдварыг алдагдуулсан учраас өөрийн амь нас аюулгүй байдлаа даатган явж чадахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Г.Амаржаргалыг 10 дугаар сарын 01-нд ажилд авч, шүүхийн хянасан цалин нийгмийн даатгалын шимтгэл болон 1.438.645 төгрөгийг төлж барагдуулсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд эргүүлэн авахдаа гэрээ байгуулж, албаны ажилд ар гэрийн оролцоо, хүндэтгэлтэй хандах ёс зүйгүй байдал дахин гаргахгүй байхыг хатуу анхааруулсан. Г.Амаржаргалыг буруутгаж ажлаас халсан үндэслэл нь 10 дугаар сард ажиллах ёстой 22 өдрөөс 11 өдөр бүртгүүлсэн. Хийлгэсэн ажил шаардлага хангахгүй байсан. ЗДТГ-ын урд худгийн гадна талын ханыг блокоор бариулсан нь шаардлага хангахгүй эргээд нурахад бэлэн байна. Ажилдаа хайнга сэтгэл гаргаж хийгээгүй байна гэсэн дүгнэлтийг өгөхөд бас л хүлээн аваагүй. Би барилгын мэргэжилтэй хүн биш гэсэн байдалтай харьцсан. Ажлаа шалтгаангүй тасалдал 5 өдрөөр тооцсон. Дотоод журамд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалбал ажлаас халах үндэслэл болно гэж заасан байгаа. Ажил хариуцаж ажиллах чадвар урьдын хэвээр чадваргүй, намайг үл хүндэтгэсэн, шүүх намайг зөв гэсэн байдлаар харьцаж, шүүхээс тогтоосон мөнгөө шаардаж байсан. Жолооч Г.Амаржаргал нь ажил олгогч Д.Алтанцэцэг намайг хэзээ ч хүндэтгэж байгаагүй. Өөрийгөө хохирогч мэтээр ар гэрийнхэндээ ойлгуулсан. Түүний эгч албан өрөөнд орж ирж доромжилсон үйлдэл, хадам ээжийн хэлсэн ярьсан зүйлсээс ар гэрийнхэндээ буруу ойлголт өгч байсан нь жолооч хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл гэж үзсэн учраас би энэ албан тушаалыг хашиж байгаа нөхцөлдөө өөрийнхөө биеийн хамгаалуулах, амь насаа даатган байж хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ удаа дараа хэлж мэдэгдсэн. Иймээс Г.Амаржаргал нь хэлсэн ярьсан гаргасан үйлдэлдээ насанд хүрсэн хүний байр сууринаас хариуцлага хүлээж сураагүй, буруу зөвийг ялгахгүй би л гэсэн байр сууринаас хандаж байгаа тул Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын жолооч байж чадахгүй гэж үзсэн. Машиныг хүлээн аваад удаагүй нилээд эвдрэл гарсан зэргийг гэрээний биелэлт тайланг авахад мэдээлсэн. Мэдэгдэж зөвшөөрөл аваагүй сэлбэг хэрэгсэл авч өр үүсгэсэн байна.  Дээрх байдлаар ар гэрийн дарамт шахалт шүүхийн өмнө очихоос айгаад энэ жолоочийг байлгаад байвал төрийн ажил цалгардаж албаны машин удахгүй эвдэрч зогсох магадлалтай байгаа, дээр нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын алба хаших хугацаанд миний аюулгүй байдал, нэр төр зөрчигдөж байгаа тул ажлаас халсан. Г.Амаржаргалын шүүхийн шийдвэрээр ажилд буцааж аваад урьд нь гаргасан үйлдэлдээ гэмшсэн эсэхийг мэдэхийг их хичээлээ, өөрөөс нь асууж үзлээ. Гэтэл харин ч энэ болсон зүйлд намайг буруутгаж ёс зүйгүй цаашид ажиллуулах боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Иймд нэхэмжлэгч Г.Амаржаргал нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчсөнд тооцож хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халсан нь хуульд нийцсэн байх тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Алтанцэцэг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би Амаржаргалыг 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ажилд авсан. Ямар нэгэн ур чадвар, туршлага хараагүй. Нутгийн хүн болохоор нь ойлголцох байх гэж бодоод ажилд авсан. Ажиллах хугацаанд янз бүрийн асуудал зөндөө тулгарсан. Ажилд авснаас хойш энэ залуутай сэтгэл амар ажилдаггүй байсан. Би олон удаа шаардлага тавьсан тэр шаардлагуудыг маань биелүүлж чадаагүй учраас чөлөө аваад эргээд ажилд ороход нь машин тэргээ мэддэг хүн нь хэрэгтэй юм байна гэж бодоод би ажилд аваагүй. Шүүхээр шийдэгдээд 1.400.000 гаруй төгрөг төлөгдсөн. 2 дахь удаа ажилд авахдаа би шалгуур тавиад аж ахуйн ажилд туслуулна гээд Батболдыг ажлаас нь чөлөөлөөд ажилд авсан. Амаржаргалын ажлыг 11 дүгээр сарны 1-нээс өдөр болгон ажлыг нь хянаж байдаг байсан. Энэ хооронд өглөө ирж хурууны хээгээ дарчихаад явдаг асуудал байсан. Худаг барьсан ажил нь маш хангалтгүй барьсан. Би сэтгэл гаргаж хийх байх гэж бодсон. Яагаад худаг бариулсан гэхээр шинэ машин авахуулсан. Тэр машиныг яаж эдэлж хэрэглэх нь магадгүй жил гаруй хугацаанд тэрийг засварлаад байх шаардлагагүй учраас тийм шалгуур тавьж ажилуулсан. Тийм шалгуур тавьсан миний буруу л даа. Миний тавьсан шаардлагыг хангаагүй. Шаардлага тавихаар би барилгын ажилтан биш гэж хэлдэг байсан. Машин тэрэг өгсөнгүй гэж байгаа. Машин өгчихвөл удахгүй эвдэлчихээд баахан юм нэхээд орж ирдэг. Ийм байдал гаргуулахгүй тулд эхнээс нь таслан зогсооё гэж бодож би өгөөгүй. Гэрээс нь эгч, ээж нь орж ирээд намайг аашилж дарамталсан. Би энэ доромжлолыг дийлэхгүй гэдэг шалтгаанаар ажлаас халах үндэслэл болсон. 1 дүгээр сарын 4-нд орж ирэхдээ цалингийн зээл авна гэсэн. Ажиллаад 2, 3 сар болоогүй учраас би олгохгүй гэсэн. Банк олгож болно гэсэн гээд зөндөө орж ирсэн. Би ажил олгогчийн хувиар гарын үсэг зурахгүй гэсэн. Намайг хүндэтгэхгүй байгаа юм байна. Намайг ойлгохгүй байна гэж ойлгоод би чамтай ажиллаж чадахгүй машин аваад ир гэсэн Амаржаргал ч машин авчирсан. Ажлын тасалдал гаргачихаад машин тэрэгний сэлбэг дур мэдэн аваад байсан шалтгааныг 12 сар дуустал яагаад тэвчсэн юм бэ гэхээр 1.400.000 төгрөг төрийн албанаас тэр мөнгийг нь гаргаж өгтөл Амаржаргалыг ажлаас нь чөлөөлөлгүйгээр шинэ он гарангуут ажлаас чөлөөлсөн. Би иргэдээ хүндэтгэсэн. Иргэд маань намайг үнэнчээр ажилаарай гэсэн. Тийм учраас би хуучин жолоочоо хэвээр нь үлдээсэн” гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Амаржаргал нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Нэхэмжлэгч Г.Амаржаргал нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч Г.Амаржаргал нь удирдлагаас даалгасан ажлыг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул Г.Амаржаргалын гаргасан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбарлажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №01 тоот захирамжаар  Г.Амаржаргалыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолоочийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч ажил олгогчоос 2016 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 01 тоот тушаалаар Г.Амаржаргалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн гэрээг зөрчсөн” үндэслэлээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолоочийн ажлаас чөлөөлжээ.

Г.Амаржаргал нь дээрх ажлаас чөлөөлөх тушаалд заасан сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах, уг зөрчлийн талаар гэрээнд нэрлэн заагаагүй, тусгаагүй учраас энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтанд нийцээгүй байна.

Хариуцагч дээрх тушаалынхаа үндэслэлийг “Г.Амаржаргал нь удирдлагаас даалгасан ажлыг хангалтгүй биелүүлж, ёс зүйгүй үйлдэл гарган, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Амаржаргал ямар зөрчлийг хэзээ гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүйгээс гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотлох чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Г.Амаржаргалыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Г.Амаржаргалын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а-д заасны дагуу  түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Г.Амаржаргал нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.114.844 төгрөгийн цалин авсан нь түүний №1060991 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /10-р сарын цалин 375.537+11-р сарын цалин 337.232+12-р сарын цалин 402.075=1.114.844 сүүлийн 3 сарын цалин, 1.114.844:3=371.614 /сарын дундаж цалин/, 371.614:21.5=17.248 /өдрийн дундаж цалин/

Шүүхээс нэхэмжлэгчийн 1 сарын цалин 371.614 төгрөг, 1 өдрийн цалин 17.248 төгрөг гэж тооцоолж дээр гаргасан тул нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 7 сарын цалин 2.835.000 төгрөг нэхэмжилснээс 2.601.298 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх хэсэг болох 233.702 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.    

Нэхэмжлэгч Г.Амаржаргал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 56.571 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гэрч Х.Уудамсоёл, Б.Ганчимэг нарын  мэдүүлгийг нотлох баримтаас хасч өгнө үү гэж хүсэлт гаргасан бөгөөд хууль сануулж гэрч нараас авсан мэдүүлгийг шүүх нотлох баримтаас хасах боломжгүй юм.

Мөн хариуцагч нь зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй баримт гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт  заасныг баримтлан Ламзав овгийн Гунгаанямбуугийн Амаржаргалыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажилгүй байсан хугацааны олговорт 2.601.298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Амаржаргалд олгож, үлдэх хэсэг болох 233.702 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Амаржаргалын дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд үүрэг болгосугай.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Бүрд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 56.571 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд  оруулсугай.

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Амаржаргалд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН