Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-221 тоотод оршин суух, Тайж овогт Лувсангомбын Болормаагийн /РД: СТ68100106/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд баг, 1-57 тоотод оршин суух, Боржигон овогт Шагдарын Оюунцэцэгт /РД: ЧП52030906/ холбогдох үндсэн зээл 500,000 төгрөг, 2015 оны 01 сарын 09-нөөс 2016 оны 01 сарын 09-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 490,000 төгрөг, замын зардал 42,000 төгрөг нийт 1,512,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагч Ш.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би Оюунцэцэгт 2015 оны 01 сарын 09-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 500,000 төгрөг зээлүүлсэн юм. 500,000 төгрөгийг Капитал банкны дансаар шилжүүлж авсан. Тэгээд зээл өгсөн талаараа баримт үйлдсэн, Оюунцэцэг гуай өөрийн гараар 8 хувийн хүүтэй зээлэв гэж бичсэн, мөн энэ баримтын ар тал дээр сунгав гэж бичиж гарын үсэг зурсан юм. Би сая энэ баримтыг шүүх хурал дээр өгсөн. Ингээд 2015 оны 03 сарын 09 болоход зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй юм. Ингээд Оюунцэцэг зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт гаргахад нь би зөвшөөрч 2016 оны 01 сарын 09 хүртэл сунгаж, зээлийн хүүг хэвээр үлдээсэн. Оюунцэцэг нь 2016 оны 01 сард тэтгэврийн зээл аваад өгнө гэсэн боловч өгөөгүй. Ингээд би 2016 оны 06 сарын эхээр ирж уулзаад түүний 2 ширхэг бүтээлийг 430,000 төгрөгт тооцож барьцаанд авсан. Энэ талаар баримт үйлдэж гарын үсэг зурсан юм. Оюунцэцэг сүүлд 2 зүйл дээр гарын үсэг зуруулсан гэж байна, энэ баримт дээр нэг удаа гарын үсгээ татаж зураад, нэг удаа нэрээ бүтнээр нь бичсэн, түүнийгээ хэлж байх шиг байна. Энэ бүтээлийг нь зээлээ төлөхөөр буцаан өгнө, эсхүл шийдвэр гүйцэтгэлийн албаар үнэлүүлнэ. Хэрэгт нэхэмжлэлийн хамт өгсөн гэрээний хувьд гэвэл анх зээл өгөхдөө бичүүлж авсан баримтаа зээлийн гэрээний маягт дээр бичсэн байснаа шүүхэд өгсөн бөгөөд Оюунцэцэг нь хүүгүй мөнгө зээлсэн талаар маргаан үүсгэсэн учраас анх үйлдэж байсан баримтыг шүүхэд авчирч өгсөн юм. Иймд үндсэн зээл 500,000 төгрөг 2015 оны 01 сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 сарын 09-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 490,000 төгрөг, замын зардал 42,000 төгрөг нийт 1,512,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Би анх Түмэнжаргал гэж хүнээр зуучлуулан Болормаагаас 500,000 төгрөг зээлсэн юм. Анх хүүтэй зээлүүлж байгаа талаар хэлээгүй. Миний бие нь  Болормаагаас зээл авах үед захиалгаар дээл оёж буцаан төлөх боломжтой байсан боловч түгжрэл болж, 2 удаа хагалгаанд орж төлбөрөө төлөх боломжгүй болсон юм.  Одоо ч мөн адил гаргаад өгөх мөнгө байхгүй байна. Бие гайгүй болбол ажил хөдөлмөр хийж төлнө. Болормаа 2016 оны 06 сард надаас мөнгөө нэхэж ирээд миний уралдаанд түрүүлсэн 2 бүтээлийг манай хүүтэй булаацалдаж байгаад аваад явсан. Тухайн үед би хүнд зарна гэж байсан боловч Болормааг үнэхээр сонирхоод байгаа бол аваг гэж бодоод өгсөн. Би буцааж авахгүй. Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсаны хувьд гэвэл сүүлд 2 зүйл дээр гарын үсэг зурсан юун дээр зурсанаа мэдэхгүй байна. Ер нь зээл авсан талаараа бичиж өгсөн нь миний бичиг мөн юм. Одоо төлбөрийг төлнө гэхэд хэцүү байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Ш.Оюунцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 490,000 төгрөг, замын зардал 42,000 төгрөг, нийт 1,512,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэв. Үндслэл нь :

Хариуцагч Ш.Оюунцэцэг нь нэхэмжлэгч Л.Болормаагаас 2015 оны 01 сарын 09-ны өдөр 500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан байх ба зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацааг 2015 оны 03 сарын 09-ны өдрөөс 2016  оны 01 сарын 09-ны өдрийн хүртэл сунгасан үйл баримт нь  зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн зээлийн гэрээ, хх-ийн 4 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс үзэхэд гэрээний гол нөхцлийн талаар буюу зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлж буй мөнгөн дүн, зээлийн хугацаа, зээлийн хүү, түүнчлэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох талаар тохирч гэрээ байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “...  зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь  зээлдэгчийн өмчлөлд  мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох  эд хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь ...  тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “ хүү тогтоосон бол зээлийн гэрээг  бичгээр хийнэ” гэж заасан хуулийн шаардлагуудын хангасан байна. Иймд нэхэмжлэгч нь  гэрээ ёсоор зээлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ш.Оюунцэцэг нь зээл авахдаа хүүтэй зээлүүлсэн талаар мэдээгүй гэх боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ гэж нэрлэн бичсэн  нэхэмжлэгч, хариуцагч нарын үйлдсэн баримтаас үзэхэд зээл авах үедээ болон зээлийн хугацааг сунгах үедээ хариуцагч Ш.Оюунцэцэг нь зөвшөөрч гарын үсэг зурсан, түүнчлэн уг баримт дээр бичигдсэн гэрээний гол нөхцлийн талаар дахин гэрээний маягт дээр бичиж гарын үсэг зурсан байдлаас үзэхэд хариуцагчийг нэхэмжлэгчээс мөнгө зээлэх үедээ зээлийн хүүг төлөх талаар үүрэг хүлээж байгаа талаараа мэдээгүй байна гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Ш.Оюунцэцэг нь нэхэмжлэгчээс 500,000 төгрөгийг зээлж, үүрэг хүлээсэнээс хойш хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, түүнчлэн  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн  нийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги 490,000 төгрөг, замын зардал 42,000 төгрөг нийт 1,512,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болормаад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ш.Оюунцэцэгээс /РД: ЧП52030906/ зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 490,000 төгрөг, замын зардал 42,000 төгрөг нийт 1,512,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 38,470 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 4,600 төгрөгийг урьдчилан төлсөн  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.

3. Хариуцагч Ш.Оюунцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД