Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 146/ШШ2016/00219

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “Улаан ам” гэх газар оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Шархүү овгийн Баянжаргалын Долгорсүрэн /РД: ЙБ64060801/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэдээ:  “...Б.Долгорсүрэн би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар 1981 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсний улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд 1981 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №115 тоот Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот “саальчдын болзол дүгнэх тухай” тогтоол, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7 тоот “1986 оны хөдөлмөрийн аваргууд шалгаруулах тухай” тогтоол, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн талархал, гэрч Ч.Эрдэнэцэцэг, Ц.Амаржаргал нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шархүү овгийн Баянжаргалын Долгорсүрэнг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

         

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН