Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 869

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00640 /И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,         

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Хүнсчдийн 4-р гудамж, 57 тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Энхбаясгалан / Регистрийн дугаар:ТЖ61052408, Утас:88992814/-ийн хүсэлттэй

Ажилласан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Энхбаясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ Миний бие 1981 оноос Дархан-Уул аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газар орон сууцны 1-р конторт томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд худалдагч, тооцооны нярав, гадаадын мэргэжилтний байцаагч хийж байгаад 1991 оноос бүх гадаадын мэргэжилтэнүүд буцсан учир ажилгүй болсон. 1991 онд Дархан хотын Төмөр бетон үйлдвэрт 1991-1996 оны 6 дугаар сар хүртэл ажилласан гэтэл 1981 онд Нийтийн ахуйн үйлчилгээнд ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй. 1991 оноос Орон сууц нийтийн ахуйн үйлчилгээний газраас гараад Төмөр бетон үйлдвэрт ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа учир дээрх хугацаанд ажилласан жилийг минь тогтоож өгнөүү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Энхбаясгалан нь ажилласан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Даваасүрэнгийн Энхбаясгалан нь Дархан-Уул аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газар орон сууцны 1-р конторт худалдагч, тооцооны нярав, гадаадын мэргэжилтний коминдат, байцаагчаар 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь Дархан хотын орон сууцны ашиглалтын конторын ажилд авах тухай даргын тушаал, 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 93 дугаартай жилийн эцсийн тооллого явуулах тухай даргын тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай ажилчид шилжүүлэх тухай даргын тушаал, хавсралт, фото зураг, Барилга үйлдвэрийн нэгдэл нь 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэр нь өөрчлөгдөж Төмөр бетон ашиглалтын үйлдвэр нэртэй болж өөрчлөгдсөн нь гэрч П.Цэнджав, Ж.Зулаа нарын мэдүүлэг,  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Д.Энхбаясгалан нь 1991 оноос 1996 оны 6 дугаар сар хүртэл Төмөр бетон үйлдвэрт компрессчин, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй учир дээрх хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Даваасүрэнгийн Энхбаясгаланг Дархан хотын Орон сууц ашиглалтын нэгдүгээр конторт худалдагчаар  1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл няраваар, 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Орон сууц ашиглалтын гуравдугаар конторт коминдатаар 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оноос 1996 онуудад Дархан хотын Төмөр бетон үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Д.Энхбаясгалан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА