Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 5-р баг, Наранбулагийн 25-10 тоотод оршин суух Ж.Бадамгаравын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

                        Нэхэмжлэгч Ж.Бадамгарав,

                        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд,

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Бадамгаравыг 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн Б/24 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй тул Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү.

Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг дарга, Санхүү түрээсийн хэлтсээс удаа дараа ажлаас чөлөөлнө үү гэсэн хүсэлт Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт ирээгүй. Биеийн тамир спортын газрын дарга намайг 2016 оны 4-р сарын 27-ны өдөр албан өрөөндөө дуудаж “Прокурор, цагдаагийн газраас чамайг ажлаас түр түдгэлзүүлэх тухай бичиг ирсэн байна. Энэ тогтоолын дагуу ажлаас чинь түр түдгэлзүүллээ” гэсэн.  Гэвч гаргасан тушаал нь тэргүү хэсэгтээ Ж.Бадамгаравыг түр чөлөөлөв гэж заачихаад утга хэсэгтээ шууд чөлөөлөв гэж заасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, аймгийн Засаг даргын албан тоотыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нэргүйбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нягтлан бодогч ажилтай Жамъянсүрэнгийн Бадамгаравыг Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Цагдаагийн газар, Аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн хэлтсээс удаа дараа ажлаас нь чөлөөлөх бичиг ирдэг байсан тул 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Ж.Бадамгаравтай ярилцаж ирсэн бичиг шаардлагыг үзүүлсний үндсэнд ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.

            Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:

            -           Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн б/24 тоот тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 2-р тал/,

            - Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 20-р тал/,

            - Үндэсний Аудитын газрын харьяа Архангай аймгийн аудитын газрын 2016 ны 2-р сарын 25-ны өдрийн 75 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 21-р тал/,

            - 2015 оны 11-р сарын 9-ний өдрийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 695 дугаар шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 22-23-р тал/,

            - Үндэсний аудитын газрын харьяа Архангай аймгийн Аудитын газрын 2015 оны 12-р сарын 4-ний өдрийн 06/56 ААГ-2015/01-3А тоот албан шаардлагын нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 24-р тал/, 

            - Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 08 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 25-26-р тал/,

            - Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2015 оны 6-р сарын 4-ний өдрийн 08/764 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 27-р тал/,

            - Архангай аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 4-р сарын 14-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” мөрдөн байцаагчийн тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 28-р тал/,  

            - Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 12-р сарын 7-ны өдрийн 01/1517 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 29-р тал/,

            - Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 5-р сарын 21-ний өдрийн 1/722 тоот албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 31-р тал/,

            - Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн 148 тоот тогтоолын хуулбар /ХХ-н 41-р тал/

                       

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Нэхэмжлэгч Ж.Бадамгарав нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

                        Нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 5-р сарын 24-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны шаардлагыг хангасан байна.

                        Хариуцагч байгууллагын зүгээс Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Цагдаагийн газар, Аймгийн засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсээс удаа дараа ажлаас чөлөөлөх бичиг ирдэг байсан тул Ж.Бадамгаравтай ярилцаж, ажлаас чөлөөлсөн гэх байр суурийг илэрхийлсэн.

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн б/24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэг, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичгийг үндэслэн Ж.Бадамгаравыг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч талын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэх зохицуулалтад үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэхдээ “хуульд заасан эрх бүхий байгууллагын шаардлага” нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичгээр илэрхийлэгдэж байгаа болохыг 2016 оны 4-р сарын 27-ны өдрийн б/24 тоот тушаалд зааж өгсөн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичигт “Нягтлан бодогч Ж.Бадамгарав нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учир түүнийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тогтоол гарсан байна. Иймд тус тогтоолыг хэрэгжүүлэн Ж.Бадамгаравыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч шийдвэрийн хувийг 2016 оны 4-р сарын 22-ны дотор ирүүлэхийг мэдэгдье” гэжээ.

Харин Архангай аймгийн Засаг даргын зүгээс тус аймгийн Биеийн тамир, спортын газарт 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичгийг хүргүүлэх үндэслэл болгосон тус аймгийн Цагдаагийн газрын Прокурорын зөвшөөрөл бүхий 2016 оны 4-р сарын 14-ний өдрийн 01 тоот албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх мөрдөн байцаагчийн тогтоолоор:

 -Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72, 75 дугаар зүйлийг удирдлага болгон Жамъянсүрэн овогтой Бадамгаравын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээг авч,

- Тогтоолын хувийг Архангай аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар уг шийдвэрийг хэрэгжүүлж, 3 хоногийн дотор хариу мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3, 75 дугаар зүйлд зааснаар Ж.Бадамгаравын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээг авахыг Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолоор шийдвэрлэсэн байхад түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээний хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлөх боломжгүй.

Хариуцагч байгууллага нь хариу тайлбартаа Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Санхүү, төрийн сангийн хэлтсээс удаа дараа ажлаас чөлөөлөх бичиг ирдэг байсан гэсэн үндэслэлийг гаргаж ирсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаалаа Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 01/470 тоот албан бичигт үндэслэсэн тул бусад төрийн эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн бичигт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иймд Ж.Бадамгаравыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                        Хариуцагчийн төлөөлөгч С.Нэргүйбаатарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх талаар тайлбар өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргизйг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

                        Шүүхийн зүгээс хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гараагүй болохыг дурдвал зохино.

                        Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаатай холбогдуулан хариуцагч байгууллагаас 70 200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Жамъянсүрэнгийн Бадамгаравыг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир, спортын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ