Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Нөмөр бууц гэх газар оршин суух Лонжоогийн Хажидмаа /РД:АД62101003/-ийн

Нас тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

                                Шүүх хуралдаанд:

                                хүсэлт гаргагч Л.Хажидмаа,

                                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                                       

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Хүсэлт гаргагч Л.Хажидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1960 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох нас болсон. Гэтэл иргэний үнэмлэх авахдаа 1962 онд төрснөөр буруу авсан тул шүүхэд хандаж байна. Лонжоо овогтой Хажидмаа намайг 1960 ны 10-р сарын 10-ны өдөр төрсөн болохыг зөв болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:

                                - Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 5-р сарын 24-ний өдрийн 626 тоот албан бичиг /ХХ-н 3-р тал/,

                - 2016 оны 5-р сарын 24-ний өдрийн 37 тоот Иргэний бүртгэлийн архивын тодорхойлолт /ХХ-н 4-р тал/,

                - Шавь овогт Лонжоогийн Хажидмаа /РД:АД62101003/-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /ХХ-н 5-р тал/,

                - Л.Хандмаагийн төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-н 6-р тал/,

                - Л.Хажидмаагийн Л.Ёндонгомбо, Л.Эрдэнэчимэг, Л.Ёндонпэрлээ, Л.Цэцгээ, Л.Ёндонжүний, Л.Янжинлхам, Л.Ёндонжамц, Л.Лхагвадорж, Л.Отгонбат нартай төрөл садангийн холбоотой талаарх лавлагаа /ХХ-н 7-15-р тал/,

                - Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн 731, 2016 оны 6-р сарын 20-ны өдрийн 758 тоот албан бичгүүд /ХХ-н 19, 24-р тал/,

                - 1987 оны 2-р сарын 10-ны өдрийн ХААТР-1 маягтын хуулбар /ХХ-н 20-р тал/,

                - Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ирүүлсэн 1987 оны 2-р сарын 10-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх анкет 01021 тоот ХААТР-15 маягтын хуулбар /ХХ-н 21-р тал/,

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төрөлтийн бүртгэлийн дэвтрийн хэсэгчилсэн хуулбар /ХХ-н 22, 25-33-р тал/,

                - Гэрч Л.Цэцгээ, Л.Ёндонгомбо нарын мэдүүлгүүд.

               

                                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

               

                                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу Л.Хажидмаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу төрсөн оноо тогтоолгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй байна.

                                Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 5-р сарын 24-ний өдрийн 626 тоот албан бичгээр Л.Хажидмаагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.

                                Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт, тэдгээрт дурдсан нөхцөл байдал, цаг хугацаа, баримтуудын харилцан уялдаа бүхий байдалд дүгнэлт өгсний үндсэн дээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

                                Учир нь:

                                Иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 4-р сарын 29-ний өдрийн 101/002293 дугаартай лавлагаагаар Дансүрэнгийн Лонжоо, Бадмаагийн Бүжий нар нь 1960 оны 10-р сарын 10-ны өдөр охин Лонжоогий Хандмааг төрүүлсэн болохыг тодорхойлсон.

                                Л.Хажидмаагийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбарт 1962 оны 10-р сарын 10-ны өдөр төрсөн бичилт хийгдсэн, ХААТР-1 маягтад 1962 оны 10-р сарын 10-ны өдөр төрснөөр бүртгэгдсэн байх боловч Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн 731 тоот албан бичгээр ирүүлсэн Л.Хажидмаагийн ХААТР-1 маягтад ... эцгийн нэр Лонжоо ... гэж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын журналын хуулбарт ... эцэг Лонжоо, эх Бүжий, хүүхдийн нэр Хандмаа, хүйс эмэгтэй, төрсөн он, сар, өдөр нь 1960 оны 10-р сарын 10-ны өдөр, бүртгэсэн он, сар, өдөр нь 1960 оны 10-р сарын 27-ны өдөр ... гэж тус тус бичигджээ.

                                Мөн Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6-р сарын 20-ны өдрийн 758 тоот албан бичгээр ирүүлсэн Дансүрэнгийн Лонжоо, Бадмаагийн Бүжий нарын 10 хүүхдийн төрөлтийн бүртгэлийн нэгдсэн лавлагаанд Л.Хажидмаагийн нэр бичигдээгүй, харин 1960 оны 10-р сарын 10-ны өдөр төрсөн Л.Хандмаагийн нэр бичигдсэн, 1960 оны 10-р сарын 10-ны өдрөөс Лонжоогийн Эрдэнэчимэг төрөх хүртэл буюу 1963 оны 2-р сарын 26-ны өдөр хүртэл Д.Лонжоо, Б.Бүжий нар нь хүүхэд төрүүлээгүй болохыг тодорхойлсон байна. 

                                Түүнчлэн гэрч Л.Цэцгээ нь ... Хажидмаа 1960 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Нөмөр бууц гэх газар Лонжоогийн 2 дахь хүүхэд болж төрсөн. Л.Хажидмаа эгчийн бичиг баримтан дээр Л.Хандмаа гэж буруу бичсэн байсан. Миний төрсөн ах дүү нарын дунд Л.Хандмаа гэх нэртэй хүн байхгүй ... гэж,  гэрч Л.Ёндонгомбо нь ... Л.Хажидмаа нь 1960 онд төрсөн. Бид эцэг эхээс арвуулаа. Би айлын том хүүхэд. Л.Хажидмаа нь миний дүү. Бид 2 нэг л насны зөрүүтэй. Манай гэрийнхэн дунд Хандмаа гэдэг нэртэй хүн байхгүй. Л.Хажидмаагийн бичиг баримтыг Л.Хандмаа гэж буруу бичсэн байсан ... гэж тус тус мэдүүлжээ.

                Дээрх баримтуудаар Л.Хажидмаа нь төрсөн он, нэрийн зөрүүтэйгээр иргэний бүртгэлд бүртгэгдэж ирсэн нь тогтоогдож байна. Түүнчлэн 1960 оны 10-р сарын 10-ны өдөр төрсөн Лонжоогийн Хандмаа нь шүүхэд хүсэлт гаргагч Лонжоогийн Хажидмаа болох нь нотлогджээ.

                Л.Хажидмаа нь 1960 онд төрсөн Л.Хандмаа мөн болохыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар тус шүүхийн 2016 оны 6-р сарын 7-ны өдрийн 1075 дугаартай шүүгчийн захирамжаар Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас нотлох баримт шаардахад Л.Хажидмаа, Л.Хандмаа нар нь 2 өөр хүн болох талаар баримт гараагүй болохыг дурдвал зохино.

                Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

                               

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Шавь овгийн Лонжоогийн Хажидмааг 1960 оны 10-р сарын 10-ны өдөр төрсөн болохыг зөвтгөн тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ