Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 338

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хас банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 27 айлын орон сууцны 03 тоотод оршин суух, ПЮ69050117 тоот регистрийн дугаартай, Олхонуд овогт Чулууны Гантулгад холбогдох үндсэн зээлийн төлбөр 56,486,069 төгрөг, зээлийн хүү 10,806,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,190,128 төгрөг, нийт 68,482,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 153/2016/00255/И/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ч.Гантулга, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Чулууны Гантулга нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хас банктай 1240010689 тоот барьцаат зээлийн гэрээ, 1240010689-1 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж 56,500 долларын зээлийг жилийн 16,32 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд:

1.Ү-1617001131 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Хангамжийн хашааны доод, дээд талд Наран баг 25-15 тоот хаягт орших 2 өрөө 110 м2 талбай бүхий хөргөлттэй зоорь

2. Г-1617000305 улсын бүртгэлийн дугаартай, Наран баг 25-15 тоот хаягт орших 700 м2 талбай бүхий хашааны газар

3. Суудлын 01-10 ХОА улсын дугаартай, Toyota Land Crusser 80 маркийн автомашин барьцаалсан.

Зээлдэгч Ч.Гантулга нь барьцаат зээлийн 1240010689 тоот гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ч.Гантулгад банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд 1240010689 тоот барьцаат зээлийн гэрээний 1.4,3.4.2, 5.1, 5.1.1, 5.1.4-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс гэрээг цуцалж байна.

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгч Ч.Гантулгын 1240010689 тоот гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь тухайн өдрийн Хас банкны ханшаар төгрөгт хөрвүүлсэн дүнгээр буюу тухайн өдрийн бэлэн бус ханш 2002 төгрөгөөр бодож, үндсэн төлбөр 56,486,069 төгрөг, хүү 10,806,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190,128 төгрөг нийт 68,482,373 төгрөг болж байна.

Иймд барьцаат зээлийн гэрээний 3.2.7, 3.5, 3.11, 4.2-т, 1240010689-1 тоот баталгаат ипотекийн гэрээний 2.7, 3.1.4, 3.1.7-д заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 68,482,373 төгрөгийг зээлдэгч Ч.Гантулгаас гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хас банкнаас долларын зээл авсан нь үнэн. Одоо Хас банкнаас нэхэмжилж буй төлбөрт ханшийн зөрүү байна. Тухайн үед би 1415 төгрөгөөр бодож доллар авсан. Гэтэл одоо банк надаас долларын үнийг 2002 төгрөгөөр бодож төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийг миний нэрээр авсан боловч Б.Долгорсүрэн бүх мөнгийг авсан. Энэхүү зээлийг би нэг дор төлж чадахгүй, харин барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбар нь хариуцагч Ч.Гантулгад холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 56,486,069 төгрөг, зээлийн хүү 10,806,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,190,128 төгрөг, нийт 68,482,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Гантулга нь нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбараас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1240010689 тоот зээлийн гэрээ байгуулж, 56,500 долларын зээлийг 16,32 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээн,

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу хариуцагч Ч.Гантулга нь тус зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Хариуцагч нь тус зээлийг төлөхөд ханшийн зөрүү байгаа тул зээлийн төлбөрийг багасгаж өгнө гэж маргах боловч барьцаат зээлийн гэрээний 1.7-д ...зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр банкны АНУ-ын доллар худалдаж буй ханшаар тооцно гэжээ. Иймд хариуцагч нь зээлээ 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөөгүй байх тул нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбарын мөнгөний ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн банкны АНУ-ын доллар худалдаж буй ханшаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахыг үүрэг гүйцэтгэгчээс тус тус шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 500,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гантулгаас 500,362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Гантулгаас үндсэн зээлийн төлбөр 56,486,069 төгрөг, зээлийн хүү 10,806,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,190,128 төгрөг, нийт 68,482,373 төгрөг /жаран найман сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун далан гурав/ гаргуулж Хас банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбарын төлсөн 500,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гантулгаас 500,362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Ховд аймаг дахь салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА