Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 337

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 21-21 тоотод оршин суух Чоно овогт Хүүдэйн Буджавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдох 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,174,714 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай арга хэмжээ авах тухай захирлын тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Буджав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Буджав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие Ховд аймгийн Нийтийн номын сантай хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр тус номын сангийн сахиулаар ажиллаж байсан боловч ажил олгогч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаал гарган намайг сахиулын ажлаас чөлөөлсөн.

Хариуцагчийн дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сан нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Х.Буджав намайг урьд эрхэлж байсан сахиулын ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргасан. Иймээс хууль бусаар ажлаас халагдсаны улмаас шүүхээр маргаан шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан хугацааны буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,174,714 төгрөг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мөн Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяагийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаар Арга хэмжээ авах тухай илт хууль бус, утга агуулгын хувьд алдаатай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Хууль бус гэхийн учир нь:

-Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй, 131 дүгээр зүйл гэж хэт ерөнхий зохицуулалт баримталсан, хөдөлмөрийн гэрээний харилцаанд үл хамаарах Төрийн албаны тухай хуулийг баримталсан зэрэг зөрчилтэй

-Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан сахилгын шийтгэлийн төрлөөс чухам алийг нь баримталснаа тушаалдаа заагаагүй, хэт ерөнхийдүүлэн арга хэмжээ авсугай гэж хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн

- Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасныг баримтлаагүй, үндсэн цалинг бууруулах шийтгэл ногдуулаагүй атлаа тогтоох хэсгийн 4 дэх заалтдаа цалин бууруулахыг даалгасан

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, халаалт дулаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй гэж огтын ор үндэсгүй, худал зүйлийг дурдсан. Миний тухайд ямар ч сахилгын зөрчил гаргаагүй. Зөвхөн чи гэж хэлсний төлөө арга хэмжээ гэж хуульд заагаагүй зүйл авсан гэв.

Хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Буджавын эхнэр н.Жавхлантунгалаг нь манай байгууллагад ирсэн хугацаатай бичгийг хүлээн авч бүртгэл дээр нь гарын үсэг зурчаад санаатайгаар нуун дарагдуулж, өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Аймгийн ЗДТГ-аас хугацаатай албан бичгийн хариуг нэхэх үед л үүнийг мэдсэн. Үүнээс болж аймгийн ЗДТГ-ын даргын анхааруулах албан бичиг манай байгууллагад ирсэн.

Мөн Нийтийн номын сан нь дулааны 2-р станцаас халаалт дулаан авч, гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 22-наас 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 16 хоногийн хугацаанд халаалт дулаан аваагүйн улмаас 1,881,792 төгрөгийн дулаан тасалдаж үүнээс үүдэлтэйгээр иргэдэд үйлчлэх төлөвлөгөөт үзүүлэлтээ манай байгууллага биелүүлж чадаагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.6-д цахилгаан дулаантай холбогдолтой асуудлыг бүрэн хариуцах ба хэрэв байгууллагад ямар нэгэн хохирол учруулбал төлж барагдуулах гэж заасан байгаа. 04 дүгээр сарын 04-ний өдөр Х.Буджав ажлаа хүлээн авсан атлаа халаалт дулаанаа харахгүй байна гэж байхгүй. Энэ бол санаатай үйлдэл. Бид энэ мөнгийг үйлчилгээ аваагүйн улмаас Дулааны станцад шилжүүлэхгүй. Харин Дулааны станц өр төлбөртэй асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж, буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэсэн. Х.Буджавын хариуцлагагүй үйлдлийн улмаас төрийн байгууллага хохирох ёсгүй. Энэ тухай ямар нэгэн мэдээллийг байгууллагын удирдлагад өгөөгүй. Халаалт ирэхгүй болохоор Дулааны станцад дуудлага өгтөл гадна хаалтаа хаасан нь тогтоогдсон.

Миний бие гаргасан тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 4.2.2-ийг баримталсан нь байгууллагын дотоод үйл ажиллагааг удирдлагад мэдээлэх, харилцан уялдаатай ажиллах ёстой гэдэг утгаар хэрэглэсэн. Х.Буджав нь төв байранд байнга байдаг атлаа энэ мэдээллийг нуусан нь Төрийн албаны тухай хуулийн 4.2.2-ийг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэлийн тухай заагдсан байдаг. Энэ зүйл заалтыг хэрэглэх нь зөв. Сахилгын шийтгэл ногдуулахад өөр баримтлах хуулийн үндэслэл байхгүй.

Хуулийн зүйл заалтыг ерөнхийд нь хүлээн авсны учир нь сахил Х.Буджавыг ажил хүлээлцэх өдөр Нийтийн номын сангийн захирлын зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж ажилд эргүүлэн авах болон ажил хүлээлцэх комисс байгуулсан ба Хөдөлмөрийн гэрээний зүйл заалт бүрийг нэг бүрчлэн уншиж танилцуулан хэрэв эдгээр заалтыг зөрчвөл дараагийн шатны арга хэмжээг авна гэж албан ёсоор захирлын зөвлөл сануулсан тул түүний дараах сахилгын шийтгэл болох ажилтны үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар хассан. Тушаалын дотоод зүйл заалтын тухайд халаалттай холбоотой мэдээлэл өгөөгүй, бусдын дэргэд захирал Т.Эрдэнэтуяагийн нэр хүндэд халдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, албан өрөөнд орилж хашигчин дараа нь эхнэр нь орж ирж номын сангийн уншигчдыг цочтол нь орилж, хаширсан нь ёс зүйн зөрчилтэй давхар харуулж баталж байна.

Сахиул Х.Буджавын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулахыг тушаалын 4 дэх хэсэгт заасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Буджав нь хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,174,714 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай Арга хэмжээ авах тухай захирлын тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь:

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 458 дугаартай шийдвэр /хх-44-46/, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 150 дугаартай магадлал /хх-47-48/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай тогтоол /хх-49-50/-уудаар Х.Буджавыг Ховд аймгийн Нийтийн номын сангийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийтийн номын сан нь нэхэмжлэгч Х.Буджавыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийтийн номын сангийн сахиулын ажилд эгүүлэн авч Х.Буджавтай хөдөлмөрийн гэрээ /хх-29-32/ байгуулсан нь нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, Нийтийн номын сангийн захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай тэмдэглэл /хх-26-28/, Ховд аймгийн Нитийн номын сангийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг /хх-33/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Х.Буджавыг ажилд томилсон өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 9, 8, 7 дугаар сарын цалингийн бичилт хийгдээгүй тул цалингийн зөрүүг тооцож бодохдоо нийгмийн даатгалын дэвтэрт /хх-17/ бичилт хийгдсэн сүүлийн 3 сар буюу 6, 5, 4 дүгээр саруудаар тооцох нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.Буджавын нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт буюу 2015 оны 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсний дунджаар тооцвол (509,442+551,494+273,782):3 = 444,905 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/. Нэг өдрийн цалинг тооцоход 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Х.Буджавыг ажилд томилсон өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 5 сар, 24 хоног байх тул (444,905:21.5) = 20,693 төгрөг байна.

Нэхэмжлэгч Х.Буджавын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Х.Буджавыг ажилд томилсон өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 5 сар, 24 хоногийн цалинг тооцоход (444,905 х 5)+(20,693 х 24) = 2,721,157 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас гаргуулж нэхэмжлэгч Х.Буджавт олгож, илүү нэхэмжилсэн 453,557 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-ийг баримтлан нэхэмжлэгч Х.Буджавын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын санд даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дараагийн нэг шаардлага нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай арга хэмжээ авах тухай захирлын тушаалыг хүчингүйд тооцуулахыг тухай шаардлага байна.

Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаал /хх-25/ гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4.2.1, 4.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.6, 7.2.3.5 дахь заалтуудыг тус тус баримталсан байна. Мөн тушаалын тушаах хэсгийн 1-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, халаалт дулаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь мэдэгдээгүй сахиул Х.Буджавт арга хэмжээ авсугай хэмээн дурдаж 4 дэх заалтад сахиул Х.Буджавын цалинг 20 хувиар 1 сарын хугацаатай бууруулж олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсүгэй гэжээ.

Тус тушаалын гол үндэслэл болсон Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, халаалт дулаантай холбоотой мэдээллийг цаг тухайд нь мэдэгдээгүй гэх зөрчлийг ажилтан Х.Буджав гаргасан болох нь хэрэгт авагдсан Нийтийн номын сангийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаартай Ховд аймгийн Дулааны 2-р станцад хүргүүлсэн албан бичиг /хх-38/, Ховд аймгийн Дулааны 2-р станцаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 99 дугаартай Нийтийн номын санд хүргүүлсэн албан бичиг /хх-39/, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2/1158 дугаартай албан бичиг /хх-40/, хуурцагт бичигдсэн бичлэг /хх-41/ зэргээр тогтоогдож байна.

Гэвч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирал нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн ажил олгогчийн тушаал нь эрхийн акт болохын хувьд хуулийг буруу хэрэглэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа захирлын тушаалыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцэх боловч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай арга хэмжээ авах тухай тушаалыг ажилтан Х.Буджавт мэдэгдсэн болон гардуулсан талаар хавтаст хэрэгт нотлох баримтгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 58,488 төгрөг (2,721,157 төгрөгийн олговорт тохирох улсын тэмдэгтийн хураамж) гаргуулан нэхэмжлэгч Х.Буджавд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас Х.Буджавын ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 5 сар 24 өдөрт ногдох олговорт 2,721,157 төгрөг (хоёр сая долоон зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин долоо) гаргуулан нэхэмжлэгч Х.Буджавт олгож, илүү нэхэмжилсэн 453,557 төгрөг (дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун тавин долоо)-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Х.Буджавын ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангийн захиралд үүрэг болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамж 58,488 төгрөг (тавин найман мянга дөрвөн зуун наян найм) гаргуулан нэхэмжлэгч Х.Буджавд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА