Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 892

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00777/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49 Энхтайвны өргөн чөлөө16а, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан ( регистр:5451973, утас:453233)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Төмөр замын 12-77 тоот, “Цайдам ургац” ХХК /регистрийн дугаар:4250958, утас: 99015261,99285261/-д холбогдох 

 

33 043 440 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасан, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн захирал П.Мөнхбаяр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасан  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сангаас Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/87 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Цайдам ургац” ХХК нь хамрагдан 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “ЭМААХДХ-2011/11 тоот  зээлийн гэрээг байгуулан 30 000 000 төгрөгийг жилийн 2,4% -ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь 2012 онд хуваарьт төлбөрөөс үндсэн зээл 8 980 000 төгрөг, хүү 720 000 төгрөг нийт 9 700 000 төгрөг төлсөн байна. Бидний зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгү өдийг хүрсэн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан.  

Иймд хариуцагч “Цайда  ургац” ХХК-аас

  1. Үндсэн зээл 21 020 000 төгрөг, гэрээний хавсралтаар батлагдсан хуваарьт төлбөрт заасны дагуу хүү тооцоход 1 513 440 төгрөг, гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 10 510 000 төгрөг, нэхэмжлэлийн үндмсэн дүн 22 533 440 төгрөг, алданги 10 510 000 төгрөг бүгд 33 043 440 төгрөг нэхэмжилж байна.
  2. Хариуцагч нь ЭМААХДХ-2011/11 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар-000131317, УБД Y-2005000472-тай үхрийн ферм, гэрчилгээний дугаар-0174882, УБД Г-2005000373-тай эзэмшлийн газар барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Цайдам ургац” ХХК-ийн төлөөлөгч Б.Баярмөнх нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болох “Цайдам ургац” ХХК-нь үндсэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагааг 2008 оноос хойш явуулж ирсэн. Уг зээлийг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Улмаар Монгол улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, 2015 оны байгалийн түүнтэй холбоотой ган гачигийн асуудлаар компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Манай байгууллага нэхэмжилж буй 33 043 440 төгрөгнөөс 22 533 440 төгрөгийг 2016 оны намрын ургац хураалтаар төлөхийг зөвшөөрч байна. Алданги, хүү болох 10 510 000 төгрөгийг төлөх боломжгүй тул харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч Цайдам ургац ХХК-д холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 21 020 000 төгрөг, хүү 1 513 440 төгрөг, алданги 10 510 000 төгрөг нийт 33 043 440 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч Цайдам ургац ХХК нар нь харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 30 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 2,5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Цайдам ургац ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЭМААХДХ-2011/11 тоот зээлийн гэрээний барьцааны гэрээ байгуулж, Цайдам ургац ХХК-ны өмчлөлийн 000131317 дугаар бүхий, УБД Ү-2005000472 улсын бүртгэлийн дугаартай үхрийн ферм, 0174882 дугаартай, УБД Г-2005000373 улсын бүртгэлийн дугаартай эзэмшлийн газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна. / хх-ийн 9-13/

 

Хариуцагч Цайдам ургац ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 980 000 төгрөг, хүү 720 000 төгрөг нийт 9 700 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Цайдам ургац ХХК-ны захирал Б.Баярмөнх нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжилж буй 33 043 440 төгрөгнөөс 22 533 440 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алданги 10 510 000 төгрөгийг төлөх боломжгүй тул харгалзан үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Цайдам ургац ХХК-ны захирал нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, 2015 оны байгалийн түүнтэй холбоотой ган гачигийн асуудлаар компаны үйл ажиллагаа доголдож ирсэн гэж тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигчид нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 21 020 000 төгрөг, хүү 1 513 440 төгрөг, алданги 10 510 000 төгрөг нийт 33 043 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Цайдам ургац ХХК-ны захирал Б.Баярмөнхөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Цайдам ургац ХХК-аас 33 043 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд олгосугай.

2. 2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Цайдам ургац ХХК-ны өмчлөлийн 000131317 дугаар бүхий, УБД Ү-2005000472 улсын бүртгэлийн дугаартай үхрийн ферм, 0174882 дугаартай, УБД Г-2005000373 улсын бүртгэлийн дугаартай эзэмшлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Цайдам ургац ХХК-аас 323 167 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА