Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 328

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Зэрэг сумын 1-р багт оршин суух, РД:ПЙ67021266 дугаарын регистртэй, Хэрээдэй овогт Доржийн Оюунцэцэгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах төлчин, малчнаар, 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд няравын туслах, малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1982 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд аав Доржийн хамтаар туслах төлчнөөр, малчнаар, мөн тус нэгдлийн Худалдаа бэлтгэлийн ангид няравын туслахаар тус тус ажиллаж байсан. 1982-1983 онуудад туслах төлчнөөр ажиллаж байх үед суурийн ахлагч аав Доржийн нэрэн дээр миний цалин бодогдож гардаг байсан. 1982-1983 онуудад Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 15, 16 насандаа туслах төлчнөөр ажиллаж байсан бөгөөд энэ үед тус нэгдлийн төлчин малчдын дунд зохион байгуулагдсан урлагийн үзлэгт идэвхитэй оролцож байсан. 1984 онд Мөнххайрхан сумын Оч нэгдэлд Худалдаа бэлтгэлийн ангид туслахаар ажилласан ба 1984-1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Төлчин хийж байх үеийн нэгдлийн удирдлагаас төл сайн бойжуулсныг үнэлж 75 төгрөгийг суурийн ахлагч аав Доржийн нэрэн дээр урамшуулал болгон өгч байсан.

Иймд намайг 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах төлчин, малчнаар, 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд няравын туслах, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах төлчин, малчнаар, 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд няравын туслах, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 634 тоот лавлагаа,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1983 оны Л.Доржийн нэр дээрх 70 дугаар дансны хуулбар,

-Д.Оюунцэцэгийн 1984 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шагнагдсан Талархал,

-Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл,

-1982-1983 онуудад Оч нэгдлийн урлагын бригадаар явж байхдаа авахуулсан гэх фото зураг,

-Иргэний паспорт,

-Д.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Гэрч Ж.Пүрэвдоржийн Д.Оюунцэцэг нь 1983 оны 06 дугаар сард 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Түүнээс өмнө зуны амралтаараа эцэг эх дээрээ очиж мал малладаг байсан. Тэрээр 1983 оноос эхэлж илгээлтээр гарч мал малласан. Хэрэгт авагдсан фото зураг нь 1982-1983 оны зураг байна гэх мэдүүлэг,

-Гэрч С.Нарангэрэлийн Би 1976-1994 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Тэгэхэд Д.Оюунцэцэг нь 1982 онд 15 насандаа туслах малчнаар илгээлтээр гарч, 1989 оныг дуустал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1982-1983 онуудад эцэг Л.Доржийн хамтаар туслах төлчин хийж байсан. Мөн тухайн үед Худалдаа бэлтгэлийн ангид чанарын алба гэж ажиллаж байсан. Тэр албанд 1984-1989 оныг дуустал Д.Оюунцэцэг ажиллаж байсан. Д.Оюунцэцэг нь Мөнххайрхан сумын тайлан тоглолтод оролцож байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэгийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 634 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Оюунцэцэгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргачийн хүсэлтээр Д.Оюунцэцэгтэй хамт ажиллаж байсан Ж.Пүрэвдорж, С.Нарангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургууд нь хүсэлт гаргагч Д.Оюунцэцэгийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байх үеийн буюу нэгдлийн тайлан тоглолтын үеэр авахуулсан зураг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд няравын туслах, малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Харин хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь 1982 онд 7-р ангид сурч байсан. 1983 оны 6 дугаар сард 8-р анги төгссөөд илгээлтээр гарсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан иргэний паспорт, иргэний үнэмлэх зэргээр нотлогдож байх тул Д.Оюунцэцэгийн 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах төлчин, малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаарзүйлийн 135.2.6-д зааснаар Хэрээдэй овогт Доржийн Оюунцэцэгийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд няравын туслах, малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1982 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд туслах төлчин, малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА