Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Цагаан давааны 24-04 тоотод оршин суух, Гансүхийн Ганзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 21-24 тоотод оршин суух, Лхагваагийн Сугарбатад холбогдох

1 775 000 төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, хариуцагч Л.Сугарбат, нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.        

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ганзориг гаргасан нэхэмжлэлдээ:  Сугарбат 2015 оны 6-р сарын 18-ны өдөр 3 500 000 төгрөгийг түр зээлээч цалингийн зээлээ хаагаад дахин зээл аваад өгье гэхээр нь итгээд зээлүүлсэн юм. Сугарбат нь түүнээс хойш цувуулж 1 775 000 төгрөгийг өгсөн боловч одоо үлдэгдэл 1 775 000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Би машин авахаар ээж Д.Оюунгэрэлээс 2 000 000 төгрөг зээлсэн тул ээжийг Сугарбатаас авах 1 775 000 төгрөгийг авчих гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй, намайг утсаар ярих гэж залгахаар утсаа авахгүй, ээжийг уулзахаар өгөхгүй байна. Иймд хариуцагч Сугарбатаас зээлийн үлдэгдэл 1 775 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Оюунгэрэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихдээ: Би Сугарбатаас 2016 оны 2-р сарын 15-ны өдөр ажил дээр нь мөнгөө нэхээд очиход  “Би мөнгийг Шинэбаярын дансанд хийсэн, Та Шинэбаярын эхнэртэй очиж уулз” гээд өгөөгүй. Тэгээд би Шинэбаярын эхнэртэй уулзахаар 2 ч удаа очсон боловч нэрийг нь мэдэхгүй учир буцсан. Дараа нь утасных нь дугаарыг олоод утсаар ярихад “Би таны яриад байгаа мөнгөний талаар мэдэхгүй. Энэ асуудалд оролцдоггүй”  гэсэн. Тэгээд би Шинэбаярын эхнэрт нь “Сугарбат надад мөнгө өгөөгүй. Шинэбаярт мөнгө өгсөн гээд байна, Чи Шинэбаяраас асуугаад өгөөч” гэхэд “Мэдэхгүй” гээд утсаа тасалсан. Шинэбаярт мөнгө өгөөгүй байж эхнэрээс нь мөнгө нэхэх нь ямар ч үндэслэлгүй. Би Шинэбаярын дансны хуулгыг нь аваад өгөөч, мөнгө орсон байж магадгүй гэсэн чинь эхнэр нь “Мэдэхгүй” гэсэн.

Би Л.Сугарбатын ажлын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй гээд шүүхэд хандалгүй хүлээсэн боловч зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учир нэхэмжлэл гаргасан. Манай хүү Г.Ганзориг банкнаас мөнгөө аваад шууд Монгол банкны үүдэн дээр Л.Сугарбатын машин дотор нь сууж байгаад мөнгөө тоолж өгсөн гэсэн. Л.Сугарбат зээлсэн мөнгөө “Би боломжоороо цувуулаад өгье” гэж хэлсэн бол шүүхэд хандахгүй байсан гэв.

Хариуцагч Л.Сугарбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Сугарбат миний бие нь Г.Ганзоригоос зээл хаахаар болон өөр ямар нэгэн шалтгаанаар мөнгө авч байгаагүй, харин Г.Ганзориг нь Төрийн банкинд ажиллаж байсан Н.Шинэбаярыг 2015 оны 6-р сард ихээхэн хэмжээний өрөнд орсон байхад нь 3 500 000 төгрөг зээлүүлсэн.

2015 оны 6-р сарын 18-ны өдөр Н.Шинэбаяр банкныхаа касснаас 30 000 000 төгрөг авсан чинь шалгалт ирээд мэдчихлээ өнөөдөр 18 цагаас өмнө нөхөж хийхгүй бол цагдаад өгнө гэж байна гээд бид нар дээр ирсэн. Тэгээд захиргааны машины зогсоол дээр  Н.Шинэбаяр, Г.Уранбаяр, Н.Анхбаяр бид нарыг байхад Г.Ганзориг ирсэн. Тэгээд Н.Шинэбаярт ийм асуудал гарчихаад бид нарт мөнгө төгрөгийн боломжгүй байна гэж ярьж байсан. Гэтэл Н.Шинэбаярын ээж нь утсаар яриад “Та нар хэд хоёр хоног аргалчихвал байраа банкны барьцаанд тавиад мөнгө олох боломжтой” гэхэд Г.Ганзориг “Надад 3 500 000 төгрөг байна. Гэхдээ энэ миний мөнгө биш, дүүгийн хадгаламжинд хийнэ” гэсэн. Г.Уранбаяр, Н.Анхбаяр хоёр Г.Ганзоригт “Хадгаламж чинь чиний нэр дээр байдаг биз дээ. Чи хадгаламжаасаа 3 500 000 төгрөгөө аваад өгчихөөч, ээжээс нь мөнгө ирэхээр нь 2-3 хоногийн зөрүүг нь  бодоод хийчих” гэж хэлсэн. Тэгж ярьж байгаад Анхбаяр бид хоёр ажил руугаа ороод Шинэбаяр, Ганзориг, Уранбаяр гурав Төрийн банк руу мөнгө аваад тушаана гээд явсан. Би Ганзоригоос ямар ч мөнгө аваагүй. Тэрнээс хойш бид нар “Шинэбаярыг Солонгос руу явахаас нь өмнө мөнгөө олж аваач” гэж Ганзоригт зөндөө хэлж байсан. Шинэбаяр ч гэсэн өөрөө “Аав, ээжийн байрны мөнгө бүтсэнгүй. Найз нь ажилд орохдоо өгнө” гэж хэлдэг байсан. Тэгж байгаад Шинэбаяр Солонгос улс руу явсан.

Г.Ганзориг сүүлд “Мөнгө зээлсэн талаар аав, ээж мэдэх гээд байна” гэж бид нарт хэлсэн. 2015 оны 9-р сард Г.Ганзориг, Н.Анхбаяр, Г.Уранбаяр, би гээд бид 4 дөрвүүлээ 3 500 000 төгрөгийг чинь бид 4 хуваагаад 875 000 төгрөг төлье гэж ярилцсан. Г.Уранбаяр бол 875 000 төгрөг, Н.Анхбаяр 425 000 төгрөг, би 400 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг өгсөн.

Г.Ганзоригийн дүү нь бидэнтэй ирж уулзаж тэр мөнгийг яаж олж авах талаар ярилцахад нь л Г.Ганзориг тэр мөнгийг надад өгсөн гэж гэрийнхэндээ худлаа хэлснийг мэдсэн. Бид нар нэгэнд нь тусалчихаад нөгөөг нь хаялтай биш гээд 3 500 000 төгрөгийг Г.Ганзориг, Г.Уранбаяр, Н.Анхбаяр, Л.Сугарбат гээд 4 хуваагаад нэг хүн 875 000 төгрөг өгье гэж ярилцсан. Ингээд Г.Уранбаяр Ганзоригт 875 000 төгрөг, Н.Анхбаяр 400 000 төгрөг, би 425 000 гээд нийт 1 700 000 төгрөгийг өгсөн байхад өөрт хуваасан 875 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Найзаа гээд өөрт нь тусалж байхад тэр мөнгийг би авсан мэт ярьж, миний нэр дээр үндэслэлгүй худлаа нэхэмжлэл гаргах, аав, ээж нь ажлын байранд ирж хүн доромжлох, хэрүүл гаргах, худал ярих, Г.Ганзоригийн төрсөн эгч гэх хүн Төв Монголбанк руу утсаар ярьж, ор үндэслэлгүй гүтгэх зэрэг байдлаар дарамт учруулж, нэр төрд маань халдаж байгаад гомдолтой байна.

Г.Ганзоригийг хэнд мөнгө өгч байгааг хараагүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ганзориг нь Л.Сугарбатаас 1 775 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь 1 775 000 төгрөгийг хүлээн аваагүй, энэ талаар тохиролцоо хийгээгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Г.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Л.Сугарбатад 3 500 000 төгрөгийг зээлүүлсэн буюу шилжүүлэн өгсөн гэдэгт үндэслэжээ. Энэ төрлийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх болохыг хуульчилжээ.

Дээрх зохицуулалтын хүрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч мөнгө эсхүл анх шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн, ижил хэмжээний ба чанар бүхий эд хөрөнгийг хугацаанд нь буцааж өгөх зээлийн гэрээний гол шинжийг тодорхойлох үндсэн үүргүүдийг хүлээж байна.

Харин нэхэмжлэгч талаас 3 500 000 төгрөгийг зөвхөн Л.Сугарбатад хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлож чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Түүнчлэн хуульд заасан үндэслэлээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг талуудын зүгээс гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 3 500 000 төгрөг шилжүүлэх, хүлээн авах талаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл хийгдсэн гэх үндэслэл  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Г.Ганзориг, Л.Сугарбат нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хариуцах ёстой эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд мэтгэлцээний явцад хэлэлцэгдсэн бусдад Г.Ганзориг мөнгө хүлээлгэн өгсөн эсэх, бусдын Г.Ганзоригийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг Л.Сугарбат болон нэр бүхий хүмүүс гүйцэтгэсэн эсэх асуудлыг энэ хэрэгт хамруулахгүй, нээлттэй үлдэж байгаа болохыг дурдвал зохино.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Л.Сугарбатаас 1 775 000 төгрөг гаргуулах тухай Г.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ