Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: эмэгтэй, 1977 оны 11 сарын 01-нд төрсөн, 39 настай, Архангай аймгийн Ихтамир сумын 3 дугаар багийн Бортод нэртэй газар оршин суух Лувсанцэрэн овогт Батбумбын Эрдэнэцэцэгийн /РД:АД77110124/  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: эмэгтэй, 1951 оны 02 сарын 09-нд төрсөн, 65 настай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 34-22 тоотод оршин суух Боржигин овогт Самбуугийн Эрдэнэчимэгт /РД:АЯ51020902/   холбогдох

          1500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч С.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний итгэмжлэгч Эрдэнэцэцэг нь 2014 оны 12 сарын 17-нд Эрдэнэчимэгийн хүсэлтээр  түүний нас барсан нөхөр  Эрдэнэхүүгийн малчны  зээлийн дансанд  500000 төгрөг,  мөн 2015 оны 02 сарын 05-нд 800000 төгрөг дансанд,  200000 төгрөгийг өөрт нь  хүссэнийх нь дагуу  бэлнээр  өгсөн. Одоо энэ  мөнгийг С.Эрдэнэчимэгээс  буцаан гаргуулах хүсэлттэй   байгаа Эрдэнэчимэг нь уг мөнгийг аваагүй гэж  маргадаггүй ба  авсанаа ч  өөрөө  хүлээн зөвшөөрдөг юм. Иймд Эрдэнэчимэгээс 1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон гол шалтгаан бол 2014 оны 09 сарын 08-ны өдрөөс 2014 оны 09 сарын 09-ний өдөр шилжих шөнө нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгийн нөхөр В.Хүчитбаатар нь С.Эрдэнэчимэгийн нөхөр Эрдэнэхүүг санаатайгаар амь насыг нь хохироосон гэсэн хэрэгт холбогдож эцэслэн шийдэгдсэн. Энэ хэргийн улмаас эдгээр 2 хүний хооронд төлбөрийн асуудал явагдсан. Хэрэг шүүхээр шийдэгдэхээс өмнө  Эрдэнэцэцэг нь Эрдэнэчимэгт 800000 төгрөгийг  өөрийнх нь дансанд,  500000 төгрөгийг малчны зээлийн дансанд, 200000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Үүнийг анхан шатны шүүх хурал дээр Эрдэнэчимэгээс тодруулж асуухад  эдгээр мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн баримтанд С.Эрдэнэчимэг эдгээр мөнгөнүүдийг гаргаж өгсөн хугацаагаа тодорхой бичсэн байгаа. 2014 оны 12 сарын 17-ны өдөр малчны зээлэнд 500000 төгрөг, 2015 оны 02 сарын 05-ны өдөр 1000000 төгрөг, нийт 1500000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Яагаад шүүхэд хандах болсон гэхээр тухайн үед шүүх баримтгүй байна гэж үзээд нийт үнийн дүнгээс хасаагүй шийдсэн. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ирээд авсан, өгснөө мэдэж байгаа юм чинь маргахгүй байх гэсэн чинь маргаад өөрт нь олгогдох мөнгөнөөсөө хасуулахгүй гээд байгаахаар нь шүүхэд хандсан. С.Эрдэнэчимэг 1500000 төгрөг авсан гэдэг дээрээ маргахгүй байгаа мөртлөө хасуулахгүй гээд байгаа дээр нь гайхаж байна. Хасагдсан мөнгө нь 4709000 төгрөг байдаг. Тэр 1500000 төгрөгийг хасаагүй байдаг. Уг нь 1500000 төгрөг хасагдаж тооцогдох ёстой. Хүчитбаатар гэдэг хүн одоо ялаа эдлээд яваж байгаа. Хохирлоо төлсөн баримт нь очихгүй бол тэр хүнийг ажилд гаргадаггүй, ажлын хоног нь хасагддагүй юм байна. Тиймээс энэ хүн ажил хийж ажлынхаа хоногийг хасуулах шаардлагатай байгаа учраас энэ 1500000 төгрөгийг төлснөөрөө хасуулах гээд байгаа юм. Нэгэнд хасагдахгүй байгаа учраас өгсөн 1500000 төгрөгийг буцааж гаргуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгч хохиролгүйд тооцуулах гэсэн саналтай байгаа. Тухайн үед надад мөнгө шилжүүлсэн гэсэн баримтаа өгсөн боловч хамт өмгөөлж байсан өмгөөлөгч бид хоёрын хэн нь авсан нь  мэдэгдэхгүй алга болсон. Энэ хүмүүс олон шат дамжин явсан, зардал их гарсан байх. Үүнийг нь мэдээд би 750000 төгрөг аваад тохиролцъё гэхэд үгүй гэсэн учир шүүхийн шийдвэрийг харъя гэж бодож байна гэжээ.

 

          Хариуцагч С.Эрдэнэчимэг  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхээс тогтоосон 13416263 төгрөгнөөс  4709000 төгрөгийг бэлнээр төлсөн.  Үүнээс тэтгэврийн зээлд  4290000 төгрөг,  малын зээлд 500000 төгрөг төлсөн.  Бэлнээр  2000000 төгрөг авсан.  Үүний баримт нь өөрсдөд нь байгаа. Харин 7700000 төгрөгний малыг /52 толгой/  маш өндөр  үнээр үнэлж өгсөн бөгөөд зараад 4200000 төгрөг болсон.  Иймд хариуцагч би нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Энэ 1500000 төгрөгийг оршуулгын зардлын мөнгөнд орсон гэж бодож байгаа. Би тэтгэврийн зээлд нь 4200000 төгрөг, малчний зээлд нь 500000 төгрөг, бэлнээр  1000000  төгрөг авсан гэдгээ анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Хасагдаад  9200000 төгрөг оршуулгын зардалд ороод төлөгдсөн гэж бодсон. Шүүх хурал дээр 9200000 төгрөгний төлбөр тогтоогдсоноос  үлдэгдэл 1500000 төгрөг төлөөгүй байгаа. Надад 7700000 төгрөгний мал өгсөн. Тэрийг нь би зарж борлуулахад үнэд хүрээгүй. Тэгээд ч тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Эрдэнэцэцэгийн хамаатны хүн юм байна лээ. Тэр шийдвэр гүйцэтгэгч нь малыг үнэлгээний комиссын үнээс илүү үнээр үнэлж намайг хохироосон. Эм ямаа 70000 төгрөг гэж байхад надад 80000 төгрөгөөр үнэлж өгсөн. Би өөрийгөө хохиролтой байгаа гэж үзэж байгаа гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг хариуцагч С.Эрдэнэчимэгт холбогдуулан 1500000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

          В.Хүчитбаатар  нь 2014 оны 09 сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутагт орших иргэн Г.Намжирмаагийн гэрт Н.Эрдэнэхүүтэй  маргалдаж  хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

          В.Хүчитбаатарт холбогдох эрүүгийн хэргийг сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн  2015 оны 04 сарын 20-ны өдрийн 60 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 сарын 19-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлэж  В.Хүчитбаатараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар 7207263 төгрөг,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 2000000 төгрөг, нийт 9207263 төгрөг гаргуулж хохирогч С.Эрдэнэчимэг, Н.Саранцэцэг нарт  олгохоор шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг В.Хүчитбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэхээс өмнө буюу 2014 оны 12 сарын 17-ны өдөр малчны зээлд төлсөн 500000 төгрөг, 2015 оны 02 сарын 05-ны өдөр өгсөн 1000000 төгрөг, нийт 1500000 төгрөг нэхэмжилж  байх боловч  эрүүгийн хэргийн хохирлын талаар хуулийн хүчин төгөлдөр  шүүхийн шийтгэх тогтоол  байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд  холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй  болгох  үндэслэлтэй гэж  анхан шатны  шүүх хуралдаанаас  дүгнэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч С.Эрдэнэчимэгт  холбогдох  1500000 төгрөг гаргуулах тухай  Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН

 

                                              ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

                                                                                                Ч.ЖАРГАЛАН