Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: эрэгтэй, 1967 оны 01 сарын 17-нд төрсөн, 49 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 27 дугаар байрны 01-04 тоотод оршин суух Боржигон овогт Ивановын Амартүвшинд /РД:АЭ67011777/  холбогдох

          дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 120000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаяр, хариуцагч И.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Т.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  И.Амартүвшин нь  “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын  4 дүгээр заалт  Монгол Улсын  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн  147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар  2003 оны 06 сарын  18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн  холбооны  эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн  13.2.2 зүйлүүдийг  тус тус зөрчиж “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх ёстой  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн  засвар үйлчилгээний  зардал болох  сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 онд 7 сар төлөөгүйгээс  42000 төгрөг,  2015 оны 12 сар  төлөөгүйгээс  72000 төгрөг,  2016 оны 1 сар 6000 төгрөг, нийт 120000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг  гаргуулан өгч байгууллагыг  хохиролгүй болгож өгнө үү.

          Би энэ сууц өмчлөгчдийн холбооны захирлаар ажиллаж байх хугацаандаа энэ айлд  удаа дараа сануулж утсаар ярьж, эхнэрийнх нь ажил руу ажилтнаа явуулж мөнгөө өгөхийг шаардаж байсан.  2015 онд  манай ажилтанд “орлого муутай байна, тэгж байгаад мөнгөө” өгнө гэж хэлээд гаргасан байсан. Дараа нь  дахиад  мөнгөө өгөөч ээ гээд ажилтнаа явуултал “та одоо юун мөнгө нэхээд байгаа юм бэ”  гэсэн. Тэгэхээр нь би ийм, ийм мөнгө авах ёстой,  боломжтой бол 3 сараар нь хийгээчээ гэхэд надтай хэрүүлийн чанартай зүйл ярьсан. Тэгээд би хуулийн дагуу шүүхэд хандсан гэжээ.

 

          Хариуцагч И.Амартүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэтэл өнөөдөр “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо нь ямар ч засвар  үйлчилгээ үзүүлээгүй, улмаар  харилцан хамтран ажиллах  ямар ч  гэрээ  батлуулаагүй байж дээрх төлбөрийг нэхэмжлэх нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж  үзэж байна. Цаашид харилцан  ямар үүрэг хүлээх талаар гэрээ  байгуулан  2016 оны 01 сараас эхлэн төлбөрийг  төлөх, өнгөрсөн хугацааны төлбөрийн  асуудлыг өөрсдийн  зүгээс  гүйцэтгүүлсэн  ажлыг үнэлүүлэн  “Өрнөх” сууц өмчлөгчдийн  холбоотой  харилцан тохиролцож  хувь тогтоох  замаар  төлж  барагдуулах  боломжтой гэж үзэж байна.

          Манай гэр бүл 27-р байранд амьдраад 14 жил болж байна. Энэ хугацаанд сууц өмчлөгчдийн холбооноос орцны цэвэрлэгээнээс бусдаар ямар ч үйлчилгээ авч байгаагүй гэж хэлж болно. Өнөөдөр сууц өмчлөгчдийн холбооноос тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа боловч бидэнтэй гэрээ байгуулах ёстой байх. Өнөөдрийн байдлаар гэрээ байгуулаагүй байна. 2013 онд  манай орцны айлууд ярилцаж байгаад “Гурван Тамир” компаниар засвар хийлгэсэн. Энэ нь Архангай аймагт нилээн үлгэр дуурайлал болж  бусад байрнууд засвар хийсэн байсан. Ер нь бол тэр байранд мөнгө төлөхөөс татгалзаад амьдраад байгаа юм биш, харин ч эсрэгээрээ сууц өмчлөгчдийн холбооны ажлыг бид бүхэн өөрсдийн санаачлагаараа хийснээрээ өнөөдөр хохироод байна гэж үзэж байна. Уг нь бид тодорхой хэмжээний мөнгө төлснийхөө хариуд үйлчилгээ авах ёстой. Сууц өмчлөгчдийн холбооноос ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй, өөрсдөө тэдгээр ажлуудыг хийсэн гэж үзэж мөнгө төлөөгүй өнөөдрийг хүргэсэн. Тийм учраас би энэ хугацаанд гарсан мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Харин 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн төлөхөд асуудал байхгүй гэж үзэж байна. Мөн манайх тухайн орцны гэрлийг өөрийн гэрийн гэрэлтэй холбож 4-5 жил төлбөрийг нь хийсэн. Цэвэрлэгээний хөлсийг бол төлөөд явж байгаа. Манай гэр бүлийн хүнтэй 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс төлнө гэж тохиролцчихоод үгнээсээ буцаж шүүхэд өгсөн нь надад таалагдахгүй байна. Мөн сууц өмчлөгчдийн холбоо оршин суугч нартай гэрээ хийсний үндсэн дээр үйл ажиллагаа нь явагддаг байх, гэрээ байгуулаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгааг хариуцлагагүй асуудал гэж үзэж байна гэжээ.

         

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо И.Амартүвшинд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч И.Амартүвшин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 27 дугаар байрны 01-04 тоотод оршин суудаг бөгөөд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2014 онд 7 сарын төлбөр 42000 төгрөг,  2015 онд 12 сарын  төлбөр 72000 төгрөг,  2016 онд 1 сарын төлбөр 6000 төгрөг, нийт 120000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу И.Амартүвшин нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

          Иймд хариуцагч И.Амартүвшингээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 120000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч И.Амартүвшингээс  120000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Амартүвшингээс 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН