Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 410

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел Уул, 4 дүгээр гудамжны 80 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, ОГ64102309 регистртэй, Гэлэнгүүд овогт Хонгоржавын Цэвэлмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэндэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Х.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 1980 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал буюу тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Тухайн үед аав, ээж болон нөхрийн хамтаар мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтэр маань гээгдсэн тул чадахгүй байна. Иймд миний архивын лавлагаа болон бусад баримтуудад үндэслэн намайг Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэндэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Цэвэлмаа нь 1980 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. Тухайн үед аав, ээж болон нөхрийн хамтаар мал маллаж байсан. Одоо түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандсан. Иймд Х.Цэвэлмаагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Х.Цэвэлмаа нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хонгоржавын Цэвэлмаагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

2. Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Цэвэлмааг шагнасан “Талархал”,  

3. Итгэмжлэл,

4. Гэрч Ө.Мөнхсүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн халуун усны газарт үйлчлэгчээр ажилд орж, улмаар буудлын үйлчлэгч, оёдолчин, талхчин зэрэг ажлуудыг 1992 он хүртэл хийж 1992 оноос “Сандалай” ХХК болоход нь үргэлжлүүлэн 1994 оныг дуустал тус тус ажилласан. Х.Цэвэлмаа нь намайг анх ажилд ороход нэгдэлд малчнаар 1990 он гартал ажилласан санагдаж байна. Яг хэдэн онд ажлаас чөлөөлөгдсөнийг сайн санахгүй байна. Бид нэг байгууллагын харьяанд байсан, мөн нэг нутгийн хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ” гэх мэдүүлэг,

5. Гэрч Т.Буянтогтохын шүүхэд өгсөн: “Би 1981 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Х.Цэвэлмаа нь анх намайг ажилд ороход нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан бөгөөд 1990 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Мөн түүний нөхөр Нямжав нь нэгдлийн малчнаар ажилладаг байсан санагдаж байна. Бид 10-аад жил нэг байгууллагад хамт ажиллаж байсан, мөн нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнээ сайн таньж мэдэх юм. Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн даргаар Л.Шархүү, П.Самдан, Норов, Хүрэлхүү, Галбадрах нар ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ө.Мөнхсүрэнгийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Т.Буянтогтохын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 704 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.  

      Нэхэмжлэгч Х.Цэвэлмаа нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Цэвэлмааг шагнасан “Талархал”, Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Х.Цэвэлмаагийн цалингийн тодорхойлолт, гэрч Ө.Мөнхсүрэн, Т.Буянтогтох нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Х.Цэвэлмаагийн хүсэлтийг хангаж, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 3 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Гэлэнгүүд овогт Хонгоржавын Цэвэлмаагийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 3 /гурав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР