Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 419

 

                                          Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-046 тоотод оршин суух, 1943 онд төрсөн, 73 настай, эрэгтэй, ОЮ43071515 регистртэй, Таргуд овогт Даржаагийн Цэвээний нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, “Урчуудын хэв”-д оршин суух,  ОЭ60092111 регистртэй, Шангас овогт Надмидын Довдонд холбогдох,

     Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 522.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар  сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Цэвээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол заншил ёсоор хүн хүндээ итгэлцэж, нэгэндээ итгэл хүлээлцэж, харилцан тохиролцож 11 ямаан ишгийг нэг сард 1000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон. Энэ нь зах зээлийн үнээс нэг дахин илүү хөлс төлөгдсөн юм. Мөн тэжээл өвсний хэрэггүй үүнийг би хариуцна, өвс тэжээл хангалттай бэлдэж авсан гэсэн юм. Ингээд би тохирсон малын хариулгын хөлсөнд 2016 оны 01 дүгээр сард 30.000 төгрөг, 2 дугаар сард 30.000 бүгд 60.000 төгрөгийн хөлс төлсөн. 2016 оны 03 дугаар сард Н.Довдонгийн эхнэр Нямжавтай утсаар ярихад “8 багзаг үхсэн, 3 багзаг үлдсэн” гэсэн. Тэгэхэд би “Үхэж болно, үхсэн 8 багзгийг хадгалж байгаарай ноолуурыг нь самнаж авна” гэж анхааруулж хэлсэн. Энэ нь үнэхээр үхсэн эсэхийг мэдэх зорилготой байсан. Ноолуурыг нь самнаж авна гэж бодож хэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 21-ны өдөр малаа авахаар очиход “Байгаа нь энэ” гээд 2 багзаг өгсөн. Бусад нь буюу “9 ширхэг багзаг үхсэн” гэж хэлсэн. “Тэгвэл үхсэн багзгийг үзнэ ноолуурыг нь самнаж авна, урьд нь танай эхнэртэй утсаар ярихдаа сануулж хэлсэн” гэхэд гэрийн урд талын харгана дотор 3-4 малын сэг үзүүлсэн. Энэ нь миний малынх биш байсан. Тэгэхдээ хэн ч таньж болохоор бүрэн бүтэн сэг байсан. “Үүнд миний багзаг алга байна, одоо хаана байна” гэхэд доор харганд байгаа гээд зааж өгсөнгүй. Би өөрөө яваад үзэхэд ямар ч малын сэг байгаагүй. Энэ байдлыг Н.Довдонд хэлээд хоёулаа хамт явья чи надад зааж өг гээд гуйгаад ядсан. Хамт явж зааж өгөхгүй, эхнэрт нь хэлсээр байтал үхсэн малыг тусад нь хадгалаагүй. Таны мал үхэж үрэгдэж байна гэж урьд өмнө нь хэлээгүй зэрэг үйлдлүүдээс дүгнэлт хийгээд үзэхэд миний мал үхээгүй байгаа. Хүний мал малласан, хөлс мөнгийг нь авсан хүн 9 багзгийн толгойг нь имийн хамтаар үзүүлэх, үхсэн багзгийн биет байдлыг нь хадгалан эд мөрийн баримтыг устгах ёсгүй. Урьд өмнө нь удаа дараа сануулсаар байтал 9 багзаг үхсэн гэх, эзэн хүнд үзүүлэх юмгүй байгаа нь миний мал үхээгүй амьд байгаагийн гэрч юмаа. Хамгийн сайн 9 багзаг үхсэн гэдэгт итгэхгүй байна. Би Н.Довдонг зуд гэсэн нэрээр заль мэх хэрэглэж байна гэж үзэж байна. Миний бие эвээр тохиролцож 9 багзгаас 5-ыг нь эргүүлж өг 4-ийг нь зуданд үхсэнээр тохиролцьё гэсэн боловч үгүй гээд тохиролцоонд хүрч чадсангүй. Нэгэнт би малын хариулгын хөлсийг төлсөн болохоор надад учруулсан хохирлыг Н.Довдон хариуцах ёстой. Анхнаасаа чадахгүй гэсэн бол би өөр хүнд тавьж ийм хохирол амсах ёсгүй. Иймд 1 ямаан багзгийг 40.000 төгрөгөөр үнэлж, /9х40000/ 360.000  төгрөг, 9 багзгийн ноолуур 1 багзгаас 300 грамм гардаг /9х300 гр=2.700/ зах зээлийн ханшаар /2.700х60.000/ 162.000 төгрөг, нийт 522.000 төгрөгийг иргэн Н.Довдонгоос гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч Д.Цэвээн, хариуцагч Н.Довдон нар 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Д.Цэвээн миний бие Н.Довдонгоос 522.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоёр харилцан тохиролцож Н.Довдонгоос 60.000 төгрөг гаргуулахаар боллоо. Энэ мөнгийг хариуцагч Н.Довдон 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Цэвээнд өгнө. Бөөнөөр нь өгнө, цувуулж өгөхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Д.Цэвээн, хариуцагч Н.Довдон” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Цэвээн нь хариуцагч Н.Довдонд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 522.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Цэвээн, хариуцагч Н.Довдон нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Цэвээний нэхэмжлэлийн шаардлага 522.000 төгрөгөөс 60.000 төгрөгийг нь хариуцагч Н.Довдон төлж барагдуулахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч Д.Цэвээн, хариуцагч Н.Довдон нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 16.310 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 60.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгний тал хувь 2.275 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 14.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Довдонгоос 2.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэвээнд олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Д.Цэвээн, хариуцагч Н.Довдон нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Д.Цэвээн нь нэхэмжлэлийн шаардлага 522.000 төгрөгөөс 462.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 60.000 төгрөгийг нь хариуцагч Н.Довдон төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 2.275 төгрөг, хариуцагч Н.Довдонгоос 2.274 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Цэвээнд олгосугай. 

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР