Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 422

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

      Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001018, регистрийн дугаар 5341469, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 3 дугаар гудамжны 1-а тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ74030575, Маань овогт Үрлээгийн Чимэд-Очир,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 3 дугаар гудамжны 1-а тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ74113069, Цагаан овогт Нямаагийн Уранчимэг нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.009.304,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Үрлээ овогтой Чимэд-Очир нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 162000245012 тоот зээлийн гэрээ байгуулан 8.581.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд цалин, 2012 онд авсан 37 инчийн SONY зурагт байрьцаалсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7.234.313,08 төгрөг, зээлийн хүү 698.770,68 төгрөг, торгууль 76.221,13 төгрөг, нийт 8.009.304,89 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгчтэй байгуулсан 162000245012 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас 8.009.304,89 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх зээлийг авсан нь үнэн. Уг банкинд 8.009.304 төгрөг төлөх ёстой бөгөөд уг мөнгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг, үлдэх 6.009.304 төгрөгийг 2016 оны 10 дугаар сар хүртэл төлж барагдуулна” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нарын гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.009.304,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.009.304,89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нар нь Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.009.304,89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч Төрийн банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 143.099 төгрөг төлсөн ба тал хувь болох 71.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 71.550 төгрөг, хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нараас 71.550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.009.304,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 143.099 төгрөгөөс 71.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 71.550 төгрөг, хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нараас 71.550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ү.Чимэд-Очир, Н.Уранчимэг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР