Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 443

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-14 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, ОН70111572 регистртэй, Модны хөл овогт Машлайгийн Төмөрбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1970 онд төрсөн. Би Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1986 оны 11 дүгээр сараас эхлэн илгээлтээр малчин болж 1989 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 2 жилийн цэргийн алба хаасан. Би хөгжлийн бэрхшээлтэй тул ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажилласан хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Төмөрбаатар нь миний төрсөн ах юм. Тэрээр Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1986 оны 11 дүгээр сараас эхлэн илгээлтээр малчин болж 1989 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 2 жилийн цэргийн алба хаасан. Түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй хүн юм. Иймд М.Төмөрбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэв.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч М.Төмөрбаатар нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод Машлайгийн Төмөрбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

2. Нэхэмжлэгч М.Төмөрбаатарын 1988 оны 1 дүгээр сард малчнаар ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Ч.Мэндсайхан болон түүний эхнэр С.Сарантуяа нартай авахуулсан фото зураг,

3. Итгэмжлэл,

4. Гэрч Д.Бадамын шүүхэд өгсөн: “Би 1970 оноос эхлэн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд малчин болж 1990 он хүртэл ажилласан юм. Бид нэг нутагт төрж өссөн учраас М.Төмөрбаатарыг түүнийг болон түүний гэр бүлийнхнийг эртнээс таньж мэднэ. М.Төмөрбаатар нь 1986 оноос нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оны сүүлээр цэрэгт явсан санагдаж байна. Түүнээс хойш дахин нэгдэлд ажиллаагүй байхаа. Тухайн үед нэгдлийн даргаар Ш.Аюурзана, Ц.Цэвээнноров, Х.Сүхбаатар гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ч.Мэндсайханы шүүхэд өгсөн: “Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд илгээлтээр малчин болж 1988 он хүртэл ажиллаад, 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл цэргийн алба хааж ирээд 1990 оны 11 дүгээр сараас 1993 оныг дуустал ажилласан юм. М.Төмөрбаатар бид хоёр хамаатнууд учраас түүнийг хар багаас нь таньж мэднэ. М.Төмөрбаатар намайг нэгдэлд ороод 2-3 сарын дараа манай нэгдэлд малчнаар ажилд орсон бөгөөд 1990 онд намайг цэргээс халагдаж ирэхэд М.Төмөрбаатар цэргийн албанд татагдаад явчихсан байсан юм. Цэргээс халагдаж ирээд дахин нэгдэлд ажиллаагүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Д.Бадамын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ч.Мэндсайханы Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 533 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.  

      Нэхэмжлэгч М.Төмөрбаатарын нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн М.Төмөрбаатарын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1988 онд авахуулсан фото зураг, гэрч Д.Бадам, Ч.Мэндсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч М.Төмөрбаатарын хүсэлтийг хангаж, Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл 2 жил, 11 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Модны хөл овогт Машлайгийн Төмөрбаатарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР