Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2016/00220

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух Гончигийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух Ичинхорлоогийн Цогтод холбогдох, 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надаас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр АРХ 12-52 улсын дугаартай “Маяти” маркийн машиныг авч 3.500.000 төгрөгийг бэлнээр өгч 150.000 төгрөгөөр гэрийн хаалга, 350.000 төгрөгөөр хашааны том хаалга хийж өгөн нийт 4.000.000 төгрөгийн тооцоо хийж 8 дугаар сарын 20-нд үлдэгдэл бүх мөнгөө өгнө гэж авсан юм. Гэтэл тухайн заасан хугацаа дууссан боловч төлбөрийн мөнгөө төлөхгүй байна. Иймд миний авах үлдэгдэл мөнгө болох 4.000.000 төгрөгийг Цогтоогоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Цогт шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Сүхбаатараас АРХ 12-52 улсын дугаартай машиныг гэрийн хаалга, хашааны хаалга оролцуулан авсан нь үнэн болно. Нийт 4.000.000 төгрөгийг Г.Сүхбаатарт өгөх нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Сүхбаатараас хариуцагч И.Цогтод холбогдуулан 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Цогт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагч И.Цогтын төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух Гончигийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух Ичинхорлоогийн Цогтод холбогдох, 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, 39.475 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн данснаас, хариуцагч И.Цогтоос улсын тэмдэгтийн хураамжинд 39.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Сүхбаатарт буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэх болохыг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

      ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА