Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 274

 

  

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 29-ны өдөр            Дугаар 274                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, /РД:ЛЗ56082877/ Гэмпил овгийн Балдандагвын Батхүрэлийн 

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батхүрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэмпил овгийн Балдандагвын Батхүрэл  нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 оны 07 дугаар сараас эхлэн  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажилласан. 1974 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод НАХЯ-ны харъяа 0134 дүгээр тусгай салаанд 3 жилийн алба хаагаад 1977 оны 05 дугаар сард халагдаж ирсэн. Улмаар 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад хонин суурийн ахлагчаар үргэлжлүүлэн ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд 1991 онд гэр шатсаны улмаас хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 

Иймд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад 1970-1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь

 

Гэмпил овгийн Балдандагвын Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд  1970-1990 оныг дуустал малчнаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

 

Б.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөө 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын албаны 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 39/15 тоот лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,

 

           - гэрч Шарынхан овгийн Балдангийн Баатарсүх /РД: ЛЗ52122371/-ийн Б.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн       2-р бригадад 1970 оноос эхлэн аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. Тэгээд 1974 онд цэрэгт яваад 3 жил цэргийн алба хаагаад 1977 онд ирээд үргэлжлүүлэн “Сүхбаатарын зам” нэгдлийн 2-р бригадад үргэлжлүүлэн 1990 он дуустал нэгдлийн хонийг нэгдэл тартал малласан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатрын зам нэгдлийн 2-бригадад 1970-1990 он дуустал малчнаар ажиллаж байсан. Б.Батхүрэл өөр газар ажиллаж байгаагүй. Тухайн нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг.

 

          -гэрч Хүрлүүд овгийн Балжирын Сүнжидмаа /РД: ЛЗ5703096/-ын “Б.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол буюу 2-р бригадад 1970 оноос эхлэн аав ээжийнхээ хамт мал маллаж байсан.1974 онд цэрэгт яваад 3 жил цэргийн алба хаагаад 1977 онд ирээд “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол буюу 2-р бригадад үргэлжлүүлэн 1990 он дуустал ажилласан. Б.Батхүрэл нь цэргийн алба хаана гэж 3 жил явсан. Өөр тасалдсан зүйл байхгүй. Энэ нэгдэлдээ тасралтгүй ажилласан” гэх мэдүүлгүүдээр зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Б.Батхүрэлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  Гэмпил овгийн Балдандагвын Батхүрэл нь 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн Баянгол бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ