Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 280

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 02                          Дугаар   280                                    Баруун-Урт   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд   нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дугаар баг  Төмөртэйн 15-5 тоотод оршин суух Халх овогт Ганхуягийн Очгэрэлийн хүсэлттэй

 

“ Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг  2016 оны 07-р сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Очгэрэл нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

  Нэхэмжлэгч Г.Очгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би  хань Юндэндоржийн Чинтөмөртэй 2006 оноос хамт амьдарч 2009.01.28-нд хүү Намсрайдорж төрсөн юм. Бид 2006 оноос 2016 он хүртэл 10 жил хамт амьдарч байсан юм. Нөхөр маань өглөө ажилдаа яваад ажил дээрээ 2016.07.01-нд нас барсан. Хүүдээ тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүй, хүү миний нэрээр овоглогдсон байгаагаас болоод авах боломжгүй байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг бүрэн  ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Халх овогт Ганхуягийн Очгэрэл нь Соо овогт Юндэндоржийн Чинтөмөр нар 2006 оноос хойш эхнэр нөхөр гэж  хамтын амьдралтай байсан болох нь Баруун-Урт сумын 4 дүгээр багийн засаг даргын 2016.07.27-ны өдрийн 4/609 тоот тодорхойлолтонд: Г.Очгэрэл ам бүл 2, тус багийн нутаг дэвсгэрт Төмөртэйн 15-5 тоотод оршин суудаг Юндэндоржийн Чинтөмөр 2009 оноос хойш 2201570304121 дугаартай өрхөд хамт амьдарч байгаад 2016.07.01-нд нас барсан нь үнэн гэх, Г.Очгэрэл, Ю.Чинтөмөр, хүү Мөнх-Эрдэнэ нарын хамтдаа авахуулсан гэрэл зураг , 

гэрч Г.Тунгалагтуяагийн шүүхэд өгсөн . . .Очгэрэл бол миний төрсөн дүү, Чинтөмөр бол манай хүргэн юм. 2006 оноос манай дүү Очгэрэл нь Чинтөмөртэй танилцаж хүү Мөнх-Эрдэнэ нь 2007 онд төрсөн юм. 2009 онд албан ёсоор гуйж гэр бүл болсон боловч энэ 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан юм байна. Гэрлэлтээ батлуулаагүй гэдгийг би сая л мэдлээ. Хүүгээ гарах үед бол гэрлэлтийн баталгаагүй байсан болохоор Очгэрэлээр овоглон гэрчилгээ авсан байсан. Мөнх-Эрдэнэ бол Чинтөмөрийн хүүхэд мөн, манай дүү өөр хүнтэй сууж байгаагүй, 2005 оноос л танилцаж манайхаар ирж очдог байсан юм гэх, 

гэрч Ю:Ургахнарангийн шүүхэд өгсөн”. . .  Очгэрэл бол манай бэр, Чинтөмөр бол миний төрсөн дүү юм. Манай дүү Чинтөмөр 2005 оноос Очгэрэлтэй танилцаж 2007 онд хүү Мөнх-Эрдэнийгээ төрүүлсөн. Ганц хүүхэдтэй байсан. 2016.07.01-нд гэнэтээр нас барсан. Эд нарыг гэрлэлтээ батлуулаагүй байсныг сая нас барсны дараа л мэдлээ. Хүү нь аавтайгаа адилхан хүү байдаг. Очгэрэл бол манай дүүтэй суухдаа хүүхэдгүй байсан. Энэ хүүхэд бол манай дүүгийн хүү мөн Хүн харахад ч дүүгийн хүүхэд гэдэг нь мэдэгдэнэ гэх мэдүүлгүүдээр хамтын амьдралтай, эхнэр нөхөр байжээ гэдэг нь нотлогдож байх  тул Г.Очгэрэл, Ю.Чинтөмөр нарыг  хамтын амьдралтай байсан болохыг тогтоох боломжтой байна.

 

Нэхэмжлэгч   Г.Очгэрэл  улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Халх овогт Ганхуягийн Очгэрэл нь Соо овогт Юндэндоржийн Чинтөмөртэй 2006 оноос 2016.07.01 хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  Г.Очгэрэлийн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлснийг улсын тасвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн   хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  нэхэмжлэгч Г.Очгэрэл шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ