Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 242

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 08 дугаар баг 5-221 тоотодоршин суух Монгол овогт Сантүдэвийн Чулуунбаатарын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Чулуунбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний тус үйлдвэрийн модны цехэд сахиулаар тус тус ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Чулуунбаатар нь 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний тус үйлдвэрийн модны цехэд сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 139 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай тушаал, гэрч Д.Насанхүү, Ц.Цэрэндолгор, Д.Энхтуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чулуунцэцэг өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                           ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Сантүдэвийн Чулуунбаатарыг 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний тус үйлдвэрийн модны цехэд сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА