Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт суух Боржигон овгийн Адъяасүрэнгийн Долгорсүрэнгийн /РД:АГ90081306 / нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 1989 онд төрсөн, ам бүл 3, ах, эгчийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт оршин суух Саарал адуун овгийн Базарраднаагийн Жавхланд /РД:АЗ89032615/ холбогдох

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс 29.680.000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Долгорсүрэн, хариуцагч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Долгорсүрэн 2012 оны эхээр Б.Жавхлантай танилцан улмаар дотносон 2012 оны 8 сарын 16-нд гэр бүл болж 2013 оны 09 сарын 13-нд гэр бүлээ батлуулан аз жаргалтай амьдарч байв. Гэтэл нөхөр маань 2014 оны эхнээс ааш зан нь хувирч архи ууж, зодож, нүдэж, хайр найргүй авирлаж, гэр орноо бусниулж, хутга мэс барьж ална хядна гэж удаа дараа айлган сүрдүүлдэг болсон. Цаашид  уг үйлдэл нь улам даамжирч 2 хүүхдээ миний дэргэд байхад зодож ийш тийш нь шидэж намайг элдвээр доромжлон удаа дараа агсам тавьж тэвчихийн аргагүй болж 2 хүүхдийн хамт өөрийн аавындаа амьдарч байна. 2013 онд хүү, 2015 онд охин маань төрж одоо миний асрамжинд өвөөгийндөө амьдарч байна. Нэг удаа хар баг өмсөж шөнө орж ирж айлгаж сүрдүүлсэн. Анх Жавхлантай гэр бүл болохдоо манай талаас 3-н тооны адуу, 3-н тугалтай үнээ, 8-н бяруу, 6-н хургатай хонь, 7-н ишигтэй ямаатай очиж байсан. Иймд Б.Жавхлангаас гэрлэлтээ цуцлуулж, охин, хүү хоёроо өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө болох малаас 29.680.000 төгрөгийн үнэлэмжтэй малыг хүү, охин бид гуравт олгуулж өгнө үү гэжээ. /хх-1-3х/

Хариуцагч Б.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Долгорсүрэнтэй танилцаж 2012 оны 8-р сарын 16-нд гэр бүл болж 2013 оны 9-р сарын 15-нд гэр бүлээ батлуулсан. Бид 2014 хүртэл эв найртай сайхан амьдарч ирсэн боловч мөн оны эхэн үеэс аав, ээж, эгч нартайгаа үгсэн тохиролцож, намайг загнаж доромжилж худлаа ярьж юм л бол гэр лүүгээ ярьдаг болсон. Би энэ бүхнийг 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэвчин өнгөрүүлдэг. Одоо бүр худлаа нэхэмжлэл хуурамч материал бүрдүүлж өгөөд намайг байнга дарамталж байна. Би архи тамхийг хэрэглэж үзээгүй надад амьдралаа төвхнүүлэх талаар бодохоос өөр зүйл байдаггүй. Бид 2 гэр бүл болохдоо манай талаас адуу 20, хонь 80, ямаа 60, үхэр 40-ийг өгч мөн дээрээс нь 5 ханатай цоохор гэр иж бүрэн тавилгын хамт бүрдүүлэн өгч мөн хурим хийхэд портер машин 1, ах Баянмөнх мотоциклоо өгч байсан. А.Долгорсүрэн анх гэр бүл болоод өмч хөрөнгө нийлүүлэхдээ тугалтай ягаан, 2 бор тарлан нийт 3 үхэр, алаг бяруу, цагаан бяруу 2 дагаж ирсэн. Хонгор алаг сувай гүү 1, хээр морь 1, нийт 2 тооны, 3 халзан, 1 хар хүзүүт, 1 хамар цагаан, нийт 5, 2 хар халзан, 3 бор ямаа нийт 5 ширхэг. Гэр бүл болсны дараагаар айлчин хийж ах дүү нараас өгсөн 5 бяруу, охин бяруу, 2 хонь, 1 ямаа манайд ирсэн. 2014 оны 7 сард салах нэрээр Улаанбаатар хот руу явсан. 2015 оны 8 сард, 03 сард аавындаа очсон. Өөрийнхөө хүссэн үед яваад өгдөг. Авах гуйх болохоороо хүрээд ирдэг. Цаана нь эгч болоод аав ээжийнх нь ятгалга байнга байдаг. Банкныхаа өрийг надаар даруулах гэж ингэж байнга дарамталдаг. 2016 оны 03 сарын 15-даар сална гээд явахдаа 4 эр ямаа /2 бор, 2 хар/ , 4 эм ямаа /2 халзан, 2 бор/ 2 борлон, нийт 8 ямаа, 2 борлон авч явсан гэжээ. /хх-18-19х/

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Жавхлантай 2013 онд гэр бүлээ батлуулсан. Хүү Ж.Тэмүүжин  2013 оны 07 сарын 25-ны өдөр төрсөн. Охин Ж.Хүслэн-Эрдэнэ 2015 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн. Б.Жавхлан 03 сарын 13-ны өдөр гэрээсээ гараад хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураггүй 4 хоног алга болчихоод гэртээ орж ирээд хүүгээ шидэх гэж байсан. Б.Жавхлан намайг зоддог. Миний гарыг хэд хэдэн удаа мулталж, хугалахаа шахсан. Ээж, ах нь намайг байнга дарамталдаг. Тийм учраас би Б.Жавхлангаас сална гэж бодож байгаа. Тусдаа амьдраад 2, 3 сар болоход хүүхдүүд дээрээ нэг ч удаа ирээгүй. Ямар ч сэтгэлгүй. 3 жил болоход дандаа дарамттай амьдардаг байсан. Сэтгэл санаа тайван байдаггүй. Одоо 2 хүүхэдтэйгээ тайван амьдармаар байна. Одоо надад 2 хүүхдээсээ өөр бодох юм алга.  2 хүүхэд л надад хэрэгтэй. Энэ хүн үр хүүхдээ гэж огт боддоггүй, хүүхдээ хүмүүжүүлж байна гээд зоддог. Юм л бол зайл гэж хөөдөг. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, хүүхдүүдэдээ тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт ноогдох 29.680.000 төгрөгийн малыг олгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Би хагас малаа Б.Жавхлангаас авсан. Одоо тарлан үнээ 1, ягаан гунжин үнээ 1, бор шүдлэн үхэр 1, халтар шүдлэн үхэр 1, сарлагийн шар 2, монголын бух 1,  морь 2, унагатай гүү 3,  эр хонь 30, эр ямаа 10, хурга 10, нийт 62 толгой малыг өөртөө болон 2 хүүхдэдээ Б.Жавхлангаас гаргуулах хүсэлттэй байна. Тарлан үнээ 500.000 төгрөг, ягаан гунжин үнээ 600.000 төгрөг, бор шүдлэн үхэр 700.000 төгрөг, халтар шүдлэн үхэр 700.000 төгрөг, сарлагийн шар 700.000 төгрөг, монголын бух 800.000 төгрөг, морь нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, унагатай гүү нэг бүрийн үнэ 900.000 төгрөг, эр хонь нэг бүрийн үнэ 200.000 төгрөг, эр ямаа нэг бүрийн үнэ 200.000 төгрөг, хурга нэг бүрийн үнэ 150.000 төгрөг. Би энэ хугацаанд өөрөөс гаргасан зардал болох 376.000 төгрөгийг Б.Жавхлангаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 8 сарын 16-ны өдөр гэр бүл болсон. 2013 оны 07 сарын 25-ны өдөр хүү Ж.Тэмүүжин, 2015 оны 06 сарын 25-ны өдөр охин Ж.Хүслэн-Эрдэнэ төрсөн. А.Долгорсүрэн 2 хүүхдээ л гэж  боддог юм бол яагаад заавал сална гээд байгааг нь ойлгохгүй байна. Би А.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан байдаг байсан. Тэр болгонд аав, ээж нь дундуур орж ирээд салгана гэдэг байсан. Сая 3 сарын 14-ний өдөр аймаг орчихоод замдаа дугуй хагарч 1 хоног саатаад очиход хүүхдийнхээ хамаг хувцсыг боогоод гэртээ орно гээд ээжтэйгээ хамт сууж байсан. Тэрнээс хойш буюу 3 сарын 15-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Миний хувьд энэ амьдралыг цааш нь үргэжлүүлнэ гэж бодож байгаа. Би А.Долгорсүрэнг зоддоггүй, гэр бүлийнхээ хүмүүсийг тайван амьдрах боломжгүй болтол нь сэтгэлзүйн дарамтанд байлгадаг зүйл байхгүй. Би  архи уудаггүй, тамхи ч татдаггүй. Эхнэрээ хүний ятгалганд орсон гэж бодож байна. Өмнө нь мал үнэтэй байсан. Сарлагийн шар 800.000 төгрөг хүрдэг байсан бол өнөөдрийн байдлаар 500.000 төгрөг, тугалтай үнээ 450.000 төгрөг, хайнагийн шар 1.500.000 байсан бол одоо уг үнэндээ хүрэхгүй. Манай нутагт эр хонь хэзээ ч 200.000 төгрөг хүрч байгаагүй. Бид хоёр хамт амьдраад энэ онтой нийлээд 4 жил болж байна. Бид хоёрыг гэр бүл болоход 2 талаас өгсөн малнаас өсөж үржиж байсан ч бас зуд болоход үрэгдэж байсан. 2 талаас өгсөн мал хөрөнгөөр амьдарлаа залгуулж, амьдарч байсан. А.Долгорсүрэн өөрийнхөө малыг ирээд авсан, одоо мал нь над дээр байхгүй. А.Долгорсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргасны зардлаа надаас гаргуулна гэж нэхэмжилж байгаа юм байна. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Яагаад гэвэл би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь хариуцагч Б.Жавхланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс 29.680.000 төгрөгийн хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүх А.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Б.Жавхлан, А.Долгорсүрэн нар нь 2012 оны 08 сарын 16-ны өдөр гэр бүл болсон нь №29 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-6х/, тэдний дундаас Жавхлангийн Тэмүүжин 2013 оны 07 сарын 25-нд төрсөн нь 101 тоот, Жавхлангийн Хүслэн-Эрдэнэ 2015 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн нь 6513000102 тоот төрсний гэрчилгээний хуулбараар    /хх-6-7х/ тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар 12.2-т “эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан бөгөөд гэрлэгчдийн хүүхэд болох 2015 оны 06 сарын 25-ны өдөр төрсөн Ж.Хүслэн-Эрдэнэ нь одоо 10 сар 16 хоногтой тул Б.Жавхлан, А.Долгорсүрэн нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байна.

 Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч А.Долгорсүрэнгийн хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэр бүл цуцлах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Долгорсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 376.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тайлбарыг гаргасан боловч уг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  62 дугаар зүйлд заасан нэхэмлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул түүний хариуцагч Б.Жавхлангаас 376.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хариуцагч Б.Жавхлангаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч А.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.11-т зааснаар хариуцагч Б.Жавхлангаас зардал 376.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 376.550 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА