Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Өөлд овгийн Нацагийн Баярбаатарын /РД:АЕ56071571/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Баярбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1978 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Баярбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 онд сургуулиас гараад Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийг манай дарга нар авчихаад нэгдэл шатаад байхгүй болчихсон гээд өгөөгүй. Би Өлзийт сумын Өрнөл нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Би шүүхэд 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч улсаас 1990 оныг нөхөн тооцсон байна. Энэ хугацаа миний хүсэлттэй давхардаж байгаа учраас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Н.Баярбаатар намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Баярбаатар нь 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сар хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. ... Нэгдэлд ихээхэн өртэй байгаа Ямаат бригадын ... Н.Баярбаатар ... нарын 26 хүний өр төлбөрийн жагсаалт нэхэмжлэлийг хүн тус бүр дээр гарган шүүхэд шилжүүлж хуулбарыг аймгийн прокурорт явуулахыг нэгдлийн санхүүд үүрэг болгосугай гэсэн “Нэгдэлд өртэй, дутагдал шамшигдал гаргасан зарим хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлэх тухай” Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоол,

1.2. Өрнөл нэгдэлд мал хариуцан маллаж байгаад өөрсдийн хариуцлагагүйгээс олон тооны мал дутагдуулсан нийгэмд ихээхэн хохирол учруулсан Ямаат бригадын ... Нацаг овогтой Баярбаатар ... нарыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулсугай гэсэн “Өртэй хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоол,

1.3. Ямаат бригадын ... Н.Баярбаатар ... нарыг тэмээчнээр 12-р сарын 8-наас эхлэн томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 10-ны өдрийн 143 тоот тушаал,

1.4. 1988 оны жилийн эцэст сүлд модны наадмын ажиллагаанд оролцсон малчид тариаланчид 140 хүнд бэлэг дурсгалын зүйл олгохоор тогтоосныг хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Билэг авсан хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Баярбаатар гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 3 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол,

1.5. Ямаат бригадын мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малчин 136 хүний ээлжийн амралтыг 15 өдрөөр 10-р сарын 05-аас тус тус олгосугай. Хавсралтанд: Баярбаатар, амрах хоног-15, амралт эхлэх өдөр-10.5, д/д-57 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10 сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал,

2. Нацаг овогтой Баярбаатарын Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1984, 1986, 1987 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 253 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Л.Олзбаатарын: “Би 1971 оноос 1974 оны 06 сар хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ямаат бригадад хоньчноор, 1974 оны 06 сараас 1977 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн цэргийн ангид цэргийн алба хааж нутагтаа ирээд үргэлжлүүлэн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Н.Баярбаатар нь 1971 оноос 1973 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ямаат бригадад малчнаар ажиллаж байгаад 1973 онд цэрэгт явж 1976 онд цэргээс халагдаж ирээд Өрнөл нэгдэлд адуучнаар ажилласан. Н.Баярбаатар бид хоёр Өмнөговь аймгийн цэргийн ангид хамт алба хаасан. Н.Баярбаатар надаас 1 жилийн өмнө халагдаж ирсэн. Би түүнээс нэг жилийн дараа халагдаж нутагтаа ирэхэд Н.Баярбаатар нь Өрнөл нэгдэлд адуу маллаж байсан. Би цэргээс халагдаж ирээд мөн мал малласан. Би Н.Баярбаатартай Өрнөл нэгдлийг хувьчлагдтал тасралтгүй ажилласан. Н.Баярбаатар бид хоёр нэг дорын хүмүүс нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ч.Баасанжавын: “Би 1960 оноос Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд төлчин, саальчнаар тус нэгдлийг хувьчлагдтал тасралтгүй ажилласан. Н.Баярбаатар нь 1970 оны сүүлээс 1990 оны эхэн үе хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд адуучнаар ажилладаг байсан. Тухайн үед Н.Баярбаатар манай хоёрынх нь Орхон голын наана цаана нутагладаг, Н.Баярбаатар манайхаар байнга орж гардаг байсан болохоор Н.Баярбаатарыг Өлзийт сумын Өрнөл нэгдэл адуучнаар ажилладаг байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүх Н.Баярбаатарын хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Л.Олзбаатар, Ч.Баасанжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.

 Н.Баярбаатарын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот, 1980 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 48 тоот,  1989 оны 3 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол,  тус нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 10-ны өдрийн 143 тоот, 1990 оны 10 сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 253 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Л.Олзбаатар, Ч.Баасанжав нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлэгт хүсэлт гаргагч Н.Баярбаатарыг 1970 оноос Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажиллаж эхлээд нэгдэл хувьчлагдтал ажилласан гэж мэдүүлж байгаа боловч хүсэлт гаргагчийн “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Би 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгоно” гэх тайлбар, 1978 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 тоот тогтоол, 1990 оны 10 сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал зэргийг үндэслэн Н.Баярбаатарыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлснээр, мөн 1990 оны 01 сар хүртэл ажилласнаар түүний ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Н.Баярбаатарын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овгийн Нацагийн Баярбаатарыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сар хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА