Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт оршин суух Арвай овгийн Сандагийн Уранчимэгийн /РД:АГ64091700/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ бичилт хийлгэж аваагүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй болоод байна. Би анх Гэрэлт зам нэгдэлд 1980 оны 01 сард орж саальчнаар ажилласан. Бугат бригаддаа 1980 оноос 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар ажилласан. Иймд миний ажиллаж байх үеийн архивын лавлагааг үндэслэн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч С.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 6-р анги төгсөөд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд Ядамсүрэнгийн ферм дээр үнээ саадаг байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг бичихдээ хуудас алгасаад биччихсэн зөрчилтэй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Иймд намайг 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

                                                              ҮНДЭСЛЭХ нь:       

Хүсэлт гаргагч С.Уранчимэг нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. 1987 онд МАА-н салбарт ажиллаж байгаа малчид ажлын шаардлагаас амраагүй тул хавсралтанд дурьдсан малчид тус бүр ажлын 15 өдрийн мөнгө олгохыг Ерөнхий ня-бо С.Нямсүрэнд зөвшөөрсүгэй. Хавсралтанд: Бугат бригадаас ээлжийн амралтын мөнгө олгох саальчдын нэрсийн жагсаалтанд С.Уранчимэг гэсэн “Амралтын мөнгө олгох тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 27-ны өдрийн 144 тоот тушаал,

1.2. Үхэрчид саальчдын зөвлөгөөнийг тохиолдуулан нэгдлийн үхэрчин саальчин 122 малчинд хүн тус бүрт 30 төгрөг, бүгд 3660 төгрөгөөр хадгаламжийн дэвтэр нээж малчдад дурсгал болгон хадгалуулсугай. Хавсралтанд: Бугат бригадаас үхэрчид саальчдын зөвлөгөөнд оролцсон хүмүүсийн нэрст- Сандаг Уранчимэг, бүгд олгосон-52, дэвтэрт хийсэн-30, цалингаас суутгах-20, дэвтэр үнэ-2 гэсэн “Хадгаламжийн дэвтэр нээх тухай” Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 6 сарын 19-ний өдрийн 27 тоот тогтоол,

1.3. Мал аж ахуйн бригадын нярай хүүхэдтэй малчин 56 эхчүүдэд 8960 төгрөгийн тэтгэмж олгосугай. Хавсралтанд: саальчин С.Уранчимэг, хүүхдийн нэр-Т.Алтанцацрал, төрсөн он-1988, сар-07, өдөр-20, Г №173, төрсний хугацаа эхлэх-1988, сар-09, өдөр-20, дуусах он-1989, сар-01, өдөр-20, олгох нь-160 гэсэн “Нярай хүүхэдтэй эхчүүдэд тэтгэмж олгох тухай” Ихтамир сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1988 оны 12 сарын 24-ний өдрийн 78 тоот тогтоол,

2. Сандаг овогтой Уранчимэгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн Бугат бригадад саальчнаар 1980, 1981, 1982, 1984, 1985, 1990, 1991 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 287 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Ч.Алтангэрэлийн: “Би Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд Бугат бригадад 1972 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 3 жил тоо бүртгэгчээр ажилласан. Дараа нь 1984 оноос 1990 он хүртэл үргэлжлүүлэн малчин, тууварчнаар ажилласан. Намайг Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд Бугат бригадад малчнаар ажилладаг байхад С.Уранчимэг нь 1980 оны үед тус нэгдэлд саальчнаар ажилд орж байсан.  Тэр үеэс эхлэн би С.Уранчимэгтэй Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1990 он хүртэл ажилласан. Би 1990 оноос эрүүл мэндийн шалтгаанаар нэгдлээс гарсан. Намайг Гэрэлт зам нэгдлээс гарахад С.Уранчимэг нь саальчнаар ажиллаж л байсан, нэгдлийг хувьчлагдтал саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Ч.Бүжинлхамын: “Би 1984 онд Ихтамир сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж 1984 оны 07 сараас Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд Бугат бригадад саальчнаар ажиллаж эхлэхэд С.Уранчимэг нь миний орсон Ядамсүрэнгийн фермд саальчнаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би С.Уранчимэгтэй Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл буюу 1992 он хүртэл тасралтгүй хамт ажилласан. Би С.Уранчимэгийг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар хэдэн оноос ажиллаж эхэлснийг сайн мэдэхгүй, намайг Гэрэлт зам нэгдэлд анх ороход л тус нэгдэлд саальчнаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүх С.Уранчимэгийн хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Ч.Алтангэрэл, Ч.Бүжинлхам нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, хэрэгт эх хувиараа авагдсан цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.

 С.Уранчимэгийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 27-ны өдрийн 144 тоот тушаал, тус нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 6 сарын 19-ний өдрийн 27 тоот тогтоол, Ихтамир сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Гэрэлт зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1988 оны 12 сарын 24-ний өдрийн 78 тоот тогтоол, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 287 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Алтангэрэл, Ч.Бүжинлхам нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрчүүдийн мэдүүлэгт хүсэлт гаргагч С.Уранчимэгийг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1980 оны хэдэн сарын хэдний өдөр ажилд орж, хэзээ ажлаас чөлөөлөгдснийг тодорхой мэдүүлээгүй боловч хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн, хүсэлт гаргагчийн “Би 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар ажилласан” гэх тайлбар, 1980 оны 01 сараас эхлэн ... 1991 онд авч байсан цалинг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн С.Уранчимэгийг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл ажилласнаар түүний ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд С.Уранчимэгийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд  саальчнаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арвай овгийн Сандагийн Уранчимэгийг Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд саальчнаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА