Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 04-15 тоотод оршин суух Боржигон овгийн Надмидын Дэмиджамцын /АЭ40052018/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Цагаан-Ус гэх газар оршин суух Боржигон овгийн Самбуугийн Адъяахүүд /РД:АЭ61022215/ холбогдох 1.920.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дэмиджамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Адъяахүүгээр сарын 150.000 төгрөгөөр цалинжуулж малаа маллуулахаар ам хэлцэл хийн тохирч 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хонь 166, хурга 94, ямаа 79, ишиг 23, үхэр 6, нийт 367 толгой малыг хүлээлгэн өгсөн. С.Адъяахүүд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг буюу 4 сар мал маллуулсны хөлс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг өгсөн. Гэтэл С.Адъяахүү нь 2015 оны 05-р сарын 31-нээс 2015 оны 8-р сарын 27-ны өдөр хүртэл 4 сар мал маллах хугацаандаа манай малаас хязаалан болон шүдлэн эр хонь, сувай эм хонь нийт 20 толгой хонийг ашиглан дутагдуулсан боловч одоог хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч С.Адъяахүүгээс 20 хонины үнэ 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Дэмиджамц миний бие С.Адъяахүүгээс 20 хонины үнэ болох 1.920.000 төгрөг нэхэмжилсэн. С.Адъяахүүгээс 20 хонины үнэ гаргуулахгүйгээр 20 хонийг 2016 оны 06 сард багтааж С.Адъяахүүгээс авахаар, С.Адъяахүү миний бие Н.Дэмиджамцын нэхэмжилсэн 20 хонийг 2016 оны 06 сард багтааж хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж өгнө үү гэжээ.

 

          Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дэмиджамц нь хариуцагч С.Адъяахүүд холбогдуулан 20 хонины үнэ 1.920.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Дэмиджамц нь  1.920.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 20 хонийг 2016 оны 06 сард багтаан хариуцагч С.Адъяахүүгээс авахаар, хариуцагч С.Адъяахүү нь 20 хонийг дээрх хугацаанд хүлээлгэж өгөхийг зөвшөөрч талууд нэхэмжлэлийн шаардлага болон үүрэг гүйцэтгэх хугацааны талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч С.Адъяахүү нь 20 хонийг 2016 оны 06 сард багтаан нэхэмжлэгч Н.Дэмиджамцад хүлээлгэж өгөхөөр нэхэмжлэгч Н.Дэмиджамцтай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45.670 төгрөгөөс 22.835 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.Адъяахүүгээс 22.835 төгрөг, орон нутгийн орлогоос 22.835 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Дэмиджамцад олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Зохигч энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАЙГАЛМАА