Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн бага эмчээр ажилладаг, Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн төвд оршин суух Шарга морьтон овгийн Жанцангийн Бүжинлхамын /РД:АП60081565/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1978 оны 6 сарын         18-ны өдрөөс 1982 оны 6 сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн нээсэн оны бичилт зөрчилтэй гээд ажилласан 4 жил хохироход хүрээд байна. Баярын бичиг, мэндчилгээ, тухайн үеийн хүндэт самбарын фото зураг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн мөн 1982 онд Дархан хотын анагаах ухааны дунд сургуульд очиж 4 жил суралцаад 1986 онд төгсөөд Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багт 1986 оны 7 сарын 9-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд багийн бага эмчээр ажиллаж байсан байдлыг бичсэн дэвтэрт чөлөөлөгдсөн хугацаа буруу бичигдсэнээс тухайн ажилласан жилүүд орохгүй болоод байна.  Архивын лавлагаа болон бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 6-р сарын 18-ны өдрөөс 1982 оны 06-р сарын 03-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг мөн Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багт 1986 оны 7-р сарын 09-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд багийн эмчээр ажиллаж байсан жилүүдийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 6-р сарын 18-ны өдрөөс 1982 оны 6-р сарын 3-ны өдөр хүртэл худалдагчаар,  Чулуут сумын Хайрхан багт багийн бага эмчээр 1986 оны 7-р сарын 9-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэлх ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд Дархан хотод Анагаах ухааны дунд сургуулийг бага эмчээр төгсөөд Архангай аймагт хуваарилагдаж ирсэн. Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас Чулуут сумын Хүрэм багт ажиллах тушаал гарсан боловч би Хүрэм багт ажиллаагүй, Хайрхан багт ажилласан. Би Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт бага эмчээр 1986 оны 7 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагч зөрчилтэй байна, шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд намайг Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт бага эмчээр 1986 оны 7 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам нь 1986 оны  07 сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэгийн Хайрхан хэсэгт бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Жанцангийн Бүжинлхамыг Чулуут сумын Хүрэм бригадын эрхлэгч бага эмчээр томилсон “1986 онд анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” Архангай аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн 84 тоот тушаал,

 

1.2. Хайрхан багийн эмч Ж.Бүжинлхамын ээлжийн амралтыг 07-р сарын 07-оос эхлэн ажлын 24 хоногоор бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Чулуут сумын эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1992 оны 09 сарын 24-ний өдрийн 12 тоот тушаал,

 

2. Гэрч Б.Анхбаярын: “Би 1988 онд Анагаах ухааны дунд сургуулийн эх баригчийн ангийг төгсөөд Чулуут сумын Хүрэм багийн бага эмчээр очиход Ж.Бүжинлхам нь Чулуут сумын Хайрхан багт бага эмчээр ажилладаг байсан. Ж.Бүжинлхам эгч 1992 он төрөөд би түүний оронд ажилласан. Би Ж.Бүжинлхамыг 1988 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт бага эмчээр ажиллаж байсныг нь сайн мэдэж байна. Дараа нь намайг 2006 онд Архангай аймаг руу шилжиж ирэхэд Ж.Бүжинлхам нь Чулуут сумын Халуун-Ус багт бага эмчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Ц.Баасанжавын: “Би 1980 оноос 1983 онд цэргийн алба хааж, 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Чулуут сумын багт Халуун-Ус багт эх баригч, бага эмчээр ажиллаж эхлээд 2005 оны 12 сарыг дуустал уг ажлаа хийсэн. Ж.Бүжинлхам нь 1986 онд Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт бага эмчээр анх томилогдон очиж уг ажлаа 1991, 1992 он хүртэл хийсэн. Дараа нь Ж.Бүжинлхам 2005 оны миний ажлыг хүлээн авч Архангай аймгийн Чулуут сумын багт Халуун-Ус багт бага эмчээр ажилласан. Одоо ч уг ажлаа хийж байгаа” гэх мэдүүлэг,

 

4. Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхамын шагнагдаж байсан Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981 оны 12-р сарын 11-ний өдрийн баярын бичиг,

 

5. Архангай аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын 1981 оны мэндчилгээ,

 

6. Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 07-р сарын 09-ний өдрийн 84-р тушаалаар Чулуут сумын Хүрэм бригадын эрхлэгч эмчээр ажиллуулав, Сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1995 оны 3 сарын 1-ний өдрийн 11 тоот тушаал Чулуут сумын Хүрэм багийн бага эмчийн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэсэн бичилттэй Ж.Бүжинлхамын хөдөлмөрийн дэвтэр,

 

7. Тус архивын сан хөмрөгт Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжиж ирээгүй тул Жанцан овогтой Бүжинлхамд холбогдох лавлагаа гарах боломжгүй болно гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 сарын 25-ны өдрийн 201 тоот тодорхойлолт,

 

8. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Чулуут сумын Хүн эмнэлэгийн 1991-1994 оны баримтыг шүүн үзэхэд ажлаас гарсан тушаал гараагүй тул Жанцангийн Бүжинлхамд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 сарын 16-ны өдрийн 318 тоот тодорхойлолт зэрэг болно.

Шүүх Ж.Бүжинлхамын хүсэлтээр хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан Б.Анхбаяр, Ц.Баасанжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  

 

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Архангай аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн 84 тоот тушаал, Чулуут сумын эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1992 оны 09 сарын 24-ний өдрийн 12 тоот тушаалууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хүсэлт гаргагч Ж.Бүжинлхамын ажиллаж байсан байдлыг нотолсон баримт юм.

 

Ж.Бүжинлхамын Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэгийн бага эмчээр ажиллаж байсан нь Архангай аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн 84 тоот, Чулуут сумын эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1992 оны 09 сарын 24-ний өдрийн 12 тоот тушаал, гэрч Б.Анхбаяр, Ц.Баасанжав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Ж.Бүжинлхамыг Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм бригадын эрхлэгч бага эмчээр Архангай аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн 84 тоот тушаалаар томилсон байх боловч хүсэлт гаргагчийн “би ажилд томилогдсон үеэсээ Чулуут сумын Хайрхан бригадад бага эмчээр ажиллаж эхэлсэн” гэсэн тайлбар нь гэрч Б.Анхбаяр, Ц.Баасанжав нарын мэдүүлгээр тогтоогддог.

 

“Мэргэжлийн зэрэг олгох тухай” Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 сарын 28-ны өдрийн 118 тоот тушаалд хүсэлт гаргагч Б.Энхтайваны нэр дурдагдаагүй, 1985 оны 6-р сарын 20-ны өдрийн 104 тоот тушаалын хавсралтанд Б.Энхтайван гэсэн байх боловч тушаал нь байхгүй тул 1985 оны 06 сарын      28-ны өдрийн 118 тоот тушаалыг хүсэлт гаргагчид хамааралгүй баримт гэж, 1985 оны 6-р сарын 20-ны өдрийн 104 тоот тушаалын хавсралтыг түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байна гэж тус тус үзлээ.

 

Иймд Ж.Бүжинлхамын Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэгийн Хайрхан хэсэгт бага эмчээр 1986 оны  07 сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч Ж.Бүжинлхам нь Архангай аймгийн Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 онд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Чулуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981 оны 12-р сарын 11-ний өдрийн баярын бичиг, Архангай аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын 1981 оны мэндчилгээ зэргийг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж, мөн Ж.Бүжинлхамын хөдөлмөрийн дэвтэр засвартай, хэрэг авагдсан зурагны он сар тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсныг нотлох баримт биш гэж тус тус үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарга морьтон овгийн Жанцангийн Бүжинлхамыг Архангай аймгийн Чулуут сумын хүн эмнэлэгийн Хайрхан хэсэгт бага эмчээр 1986 оны  07 сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА