Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 250

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Нэхэмжлэгч: “Хаан” банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 16-296 тоотод оршин суух, Чонос овгийн Ганбатын Мөнгөн, Цорог овгийн Отгоны Батчулуун нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг болох 3308828,16 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын  гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкыг төлөөлж Өвөрхангай аймаг дахь салбарын захирал Д.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч  Г.Мөнгөн, О.Батчулуун нар нь тус банкны Өвөрхангайн салбараас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/17957 тоот зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийн малчны зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 115 хоног өнгөрсөн, зээлийн гэрээний 7.1.1 дэх заалтанд заасан зээл буцаан төлөх хувааийг удаа дараа зөрчсөн, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь зогссон ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул Г.Мөнгөн, О.Батчулуун нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2698227,04 төгрөг, зээлийн хүү 59,0669,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19930,89 төгрөг нийт 3308828,16 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнгөн, О.Батчулуун нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Хаан банкны нэхэмжилж байгаа 3308828,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 16-ны дотор төлөх болно. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк нь “Г.Мөнгөн, О.Батчулуун нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 3308828,16 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

    Хариуцагч Г.Мөнгөн, О.Батчулуун нар нь Зээлийн гэрээний үүрэг болох 3308828,16 төгрөгийг  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны “Зээлийн гэрээний үүрэг болох 3308828,16 гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнгөн, О.Батчулуун нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 33945 төгрөг, орон нутгийн 5540607728 тоот данснаас 33945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67891 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

                                   

 

                                      ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА