Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багт оршин суух, Саарал адуу овогт Сэнгэбалын Оюунчимэг /РД:АЙ64102309/-ийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын  1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч С.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохирч байна. Архивын лавлагаа, бусад нотлох баримтыг үндэслэн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баянмөнх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.Оюунчимэг нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Имйд С.Оюунчимэгийн тус хугацаанд Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

                Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                                Нэхэмжлэгч С.Оюунчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

                                Нэхэмжлэгч С.Оюунчимэг нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

                1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

                - Сэнгэбал овогтой Оюунчимэгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байх үеийн 1980 оны 1-2, 6-9, 11, 1981 оны 6-12, 1982 оны 1-3, 6-11, 1983 оны 6-10, 1984 оны 4-8, 1985 оны 1-3, 5, 8-12, 1986 оны 6-9, 1987 оны 6-12, 1988 оны 1-12, 1989 оны 7-12, 1990 оны 1-6, 10-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,  

 

                2. С.Оюунчимэгт 1981 оны 10-р сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын ҮЭ-ийн зөвлөл, “Ардын зориг” нэгдлийн зөвлөлөөс олгосон “Сайшаалын үнэмлэх” /эх хувиар/,

               

                3. С.Оюунчимэгийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлын талаар

                гэрч Ц.Цэвэлсүрэнгийн өгсөн ... С.Оюунчимэг 1980 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн 6 дугаар бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн, Хангай сумын 8 жилийн сургуульд сурч байсан. 1986 оноос 1988 оныг хүртэл Архангай аймгийн Хангай сумын 2-р бага сургуульд үйлчлэгч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Дараа нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд төлчнөөр 1990 оныг хүртэл ажилласан. С.Оюунчимэгтэй нэг нутгийн хүн учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ... гэх,

                гэрч Д.Дамдинсүрэнгийн өгсөн ... С.Оюунчимэг 1980 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Би 1974 онд сургууль төгсөөд Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд илгээлтээр гарч, 1992 оныг хүртэл тус нэгдэлд ажилласан ... гэх мэдүүлгүүд.

 

                Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

                1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Саарал адуу овогтой Сэнгэбалын Оюунчимэгийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ